ХЭНТИЙ АЙМАГ ЭНЭ ОНД 591.3 МЯНГАН МОД ТАРЬЖ, УРГАЛТ 79.6 ХУВЬТАЙ БАЙНА

2022.12.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Өнөөдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Хэнтий аймагт хэрэгжүүлэх “Гучин сая мод” хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, үр дүнг танилцуулж сайн ажилласан сумдын Засаг дарга нар, агентлагийн дарга, ойн ангийн дарга нарыг шагнаж урамшууллаа.
Өнөөдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Хэнтий аймагт хэрэгжүүлэх “Гучин сая мод” хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, үр дүнг танилцуулж сайн ажилласан сумдын Засаг дарга нар, агентлагийн дарга, ойн ангийн дарга нарыг шагнаж урамшууллаа.
Энэ оны хувьд Хэнтий аймгийн хэмжээнд ойжуулалт болон ногоон байгууламжид нийтдээ 400.0 мянган мод тарихаар төлөвлөсөн бол сумд, байгууллагууд иргэдийн оролцоотой 591,3 мянган мод тариж төлөвлөгөөгөө 147,8 хувиар давуулан биелүүлжээ. Үүний амьдралтын хувийг тооцохдоо аймгийн ахмадын хороотой хамтран сумдад хяналтын тооллого зохион байгуулсан ба ногоон байгууламжид тарьсан модны амьдралт 96.5 хувь, ойжуулалтынх 62.8 хувь нийт 79.6 хувьтай байна.
Энэхүү ажилд улс, аймаг, сумын төсөв, БХНСЗ, ХХХО, бусад эх үүсвэрээр 1.3 тэрбум төгрөг зарцуулж, давхардсан тоогоор 20.5 мянган иргэн, 905 ААН, байгууллага, 3418 айл өрх гар бие оролцжээ. Мөн давхардсан тоогоор 595 хүнийг түр ажлын байраар хангаж, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй 50 алба хаагчдыг ажиллуулсан байна.
Түүнчлэн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн 0.5 га талбайд шинээр усалгааны систем тавьж, 27 га талбайд 38 км хашаа шинээр барьж байгуулав.
Энэхүү ажлыг сум орон нутгийн хэмжээнд амжилттай сайн зохион байгуулсан тул Цэнхэрмандал сумын Засаг дарга С.Золжаргал, Дэлгэрхаан сумын Засаг дарга Э.Төгөлдөр, Дадал сумын Засаг дарга Д.Мөнх-Од, Мөрөн сумын Засаг дарга Ц.Батцоож, Баянмөнх сумын Засаг дарга Б.Золжаргал, Бор-Өндөр сумын Засаг дарга П.Чинбат, "Хэнтийн шинэс" Сум дундын ой ангийн дарга Г.Мөнх-Оргил, БОАЖГ-ын дарга Б.Дархантөр, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, БШУГ-ын дарга С.Мөнхцэцэг, “Гучин сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга АЗДТГ-ын ХБТХОХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал нарыг баярын бичиг, мөнгөн шагналаар шагналаа.
Ирэх оны хувьд манай аймагт 500.0 мянган мод тарихаар төлөвлөж ойжуулалт, ойн зурвасын ажлыг мэргэжлийн байгууллагууд гүйцэтгүүлэх, Төв суурин газрын ногоон байгууламжид тарьж ургуулах ажлыг сумын Засаг дарга нар хариуцахаар болжээ. Нийт тарих модны 80 хувийг ойжуулалтаар, 20 хувийг ногоон байгууламжид тарьж ургуулна.