ДУЛААНААР ХАНГАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫГ ДИЗЕЛЬ ТҮЛШЭЭР ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХЫГ ШТС-УУДАД АНХААРУУЛАВ

2022.12.02
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын эрхлэгчтэй цаг үеийн асуудлаар уулзалт хийлээ.
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын эрхлэгчтэй цаг үеийн асуудлаар уулзалт хийлээ.
Дулаанаар хангагч байгууллагуудтай гэрээт “Магнай трейд” компанийн Хэнтий аймаг дахь салбар ШТС-д дизель түлш дууссан байгаа бол АИ92, АИ80 автобензиний нөөц хангалттай байна. Тус ШТС-ын эрхлэгч “15 тонн дизель түлшний захиалга өгсөн. ОХУ-аас түлш хязгаарлалттайгаар орж ирж байна. Үнийн хувьд 4200-4300 төгрөг болж өсөх магадлалтай тул энд 4500-4700-гаар борлуулахаар байна” гэсэн юм. Харин “Сод монгол” ШТС-д дизель түлшийг 3850 төгрөгөөр худалдаж байгаа бөгөөд 10 тонн нөөцтэй байна. Шатахууны хомсдолтой холбоотойгоор өдөрт 400 литрээс илүүг олгохгүй байгаа гэх мэдээллийг өглөө. Чин тал ШТС-д АИ92 автобензин 13 тоннын нөөцтэй байгаа бол дизель түлш дууссан байна. Харин Петровис ШТС-д АИ92, АИ80 автобензины нөөц хангалттай, 3900 тонн дизель түлшний нөөцтэй байна. Тус ШТС-ын эрхлэгч "Бусад шатахуун түгээх станцуудад хомсдол үүссэний улмаас манайд ачаалал их байна. Үүнээс үүдэн шатахуун таталт хийхэд бага зэрэг асуудал үүсээд байна" гэв. Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан "Дулаанаар хангагч байгууллагуудын түлшийг тасалдуулахгүй байхад анхаарах хэрэгтэй байна. Аймгийн Засаг дарга Ашигт малтмал, газрын тосны газар руу албан хүсэлт явуулсан. Манай аймгийн дулаанаар хангагч байгууллагууд МТ шатахуун түгээх станцтай гэрээт. Гэтэл тус станцад түлш дууссан байдалтай байна. Иймд нөөцтэй байгаа ШТС-ууд түр гэрээгээр ч болтугай түлш олгох хэрэгтэй байна. Энэ талаар ерөнхий удирдлагаасаа тодруулж, хариу мэдэгдэхийг хүсье" гэлээ.
Аймгийн хэмжээнд дулаанаар хангах тусгай зөвшөөрөлтэй 23 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.