Ц.ЧОГСОМЖАВ: ХҮҮХДИЙН ЧУУЛГАНЫГ 2023 ОНЫ ОРОН НУТГИЙН ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХААС ӨМНӨ ЗОХИОН БАЙГУУЛСНААР ТЭДЭНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ МӨРИЙН ХӨТӨЛБӨР БОЛОН ТӨСӨВТ ТУСГАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

2022.11.14
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
“Гайхамшигт хүмүүсийн дуу хоолой” Хэнтий аймгийн Хүүхдийн нэгдсэн чуулган өндөрлөлөө. Уг чуулганд 18 сум, таван тосгоны 160 гаруй хүүхэд оролцсон бөгөөд сум орон нутагтаа хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн аймаг, сум, тосгодын удирдлага, холбогдох байгууллагын дарга нарт танилцууллаа.
“Гайхамшигт хүмүүсийн дуу хоолой” Хэнтий аймгийн Хүүхдийн нэгдсэн чуулган өндөрлөлөө. Уг чуулганд 18 сум, таван тосгоны 160 гаруй хүүхэд оролцсон бөгөөд сум орон нутагтаа хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн аймаг, сум, тосгодын удирдлага, холбогдох байгууллагын дарга нарт танилцууллаа.
Танилцуулга дууссаны дараа аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Хүүхдүүдийнхээ тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх саналуудын талаар сонслоо. 2022 оныг “Хүүхдийн хөгжил-хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан ЕБС, коллежийн сурагчдын дунд “Миний захиа-Бидний хүсэл” гэсэн захидлын аян өрнүүлсэн. Энэ аяны хүрээнд ирүүлсэн захидлуудад тусгагдсан асуудал уг чуулганаар мөн яригдаж байна. Энэхүү чуулган 2023 оны орон нутгийн төсвийг хэлэлцэн батлахаас өмнө зохион байгуулагдаж байгаа учир хүүхдүүдийнхээ танилцуулсан асуудлыг төсөвт тусгах боломж бүрдэж байна. Ирэх жил бид хүүхэд хамгааллын жилийн ажлуудаа үргэжлүүлэн зохион байгуулна. Тиймээс энэ чуулганаар танилцуулсан асуудлуудад анализ хийж үзээд эхний ээлжинд аль асуудлыг шийдвэрлэх ямар боломжит хувилбар байна вэ гэдгийг хэлэлцэн төлөвлөгөө гаргаж ажиллахаа та бүхэнд илэрхийлье.
Мөн хүүхдийн оролцооны байгууллагууд ямарваа нэгэн ажил зохион байгуулахад хөрөнгө мөнгө байдаггүй талаар хэллээ. Тэгэхээр энэ байгууллагын хүүхдүүд маань 2023 онд хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг гаргаад, шаардлагатай төсвөө тусгаад танилцуулж болно. Тэгэх юм бол хийгдэх боломжтой үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тодорхой хэмжээний хөрөнгийг 100 хувь биш юмаа гэхэд хийгдэх боломжтой ажлуудын өртгийг тусгаж өгье. Ингэснээр та нар маань хэрэгжүүлэхээр зорьсон ажлаа саадгүй хийх боломж бүрдэх болов уу гэж бодож байна.
Хүүхэд бүхэн онц сурах албагүй гэж би ойлгодог. Харин хүүхэд бүхэн зөв хүмүүжил, ёс суртахуунтай, эцэг эх, ах дүүсээ хүндэлдэг ... ийм хүмүүжилтэй байх хэрэгтэй гэж боддог. Өнөөдрийн чуулганд хүрэлцэн ирсэн бүх хүүхдүүддээ сурлагын өндрөөс өндөр амжилт хүсье” хэмээн ярилаа.
Мөн БШУГ, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, ЭМГ, ГБХЗХГ зэрэг байгууллагын дарга нар хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг сонсон танилцсаныхаа дараа холбогдох зарим асуудлуудыг шийдвэрлэж өгөхөө чуулганд оролцсон хүүхдүүдэд амласан юм. Чуулганы төгсгөлд аймгийн дарга нийт хүүхдүүдэд талархлын хуудас болон гарын бэлэг гардууллаа.