“ГАЙХАМШИГТ ХҮМҮҮСИЙН ДУУ ХООЛОЙ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН- 2022 ТЭМҮҮЖИН ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬД БОЛЖ БАЙНА

2022.11.14
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Гайхамшигт хүмүүсийн дуу хоолой” хүүхдийн чуулган өнөөдөр (2022.11.12) Тэмүүжин цогцолбор сургуульд 09:00 цагаас эхэллээ. Уг чуулганыг нээж Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Чогсомжав үг хэлэв.
“Гайхамшигт хүмүүсийн дуу хоолой” хүүхдийн чуулган өнөөдөр (2022.11.12) Тэмүүжин цогцолбор сургуульд 09:00 цагаас эхэллээ. Уг чуулганыг нээж Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Чогсомжав үг хэлэв. Тэрбээр “Энэхүү чуулганыг хүүхдүүд та бүхний нүдээр орон нутагт тулгамдаж буй асуудлыг харах, гарц гаргалгааг илрүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн оролцоо ямар байхыг хэлэлцэн, шийдэлд хүрэх зорилгоор зохион байгуулж байна. Хүүхдийн асуудал бол бүхий л салбарын бодлого шийдвэрт хамааралтай байдаг. Иймд төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаа нь хүүхдэд ээлтэй, тэдний эрх ашгийг дээдэлсэн байх ёстой.
Бид жилийн ажлаа төлөвлөхдөө хүүхдүүдийн санал бодол, хүсэлтийг сонсож, түүнийхээ дагуу холбогдох шийдвэрийг төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхийг зорьсон. Мөн аймгийн хэмжээнд хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудал, суурь үзүүлэлтүүдийг гарган, түүнд суурилсан төлөвлөлт хийсэн. Өдгөө энэ ажлуудынхаа үр дүнг тооцон, дүгнэх цаг мөч ирээд байна. Бид цаашид ч хүүхдийн хөгжил хамгааллын жилийн ажлыг үргэлжлүүлэх болно. Тиймээс хүүхдүүд та бүхэн чуулгандаа идэвхтэй оролцон орон нутагтаа тулгамдаж буй асуудлыг чөлөөтэй илэрхийлэн, санал санаачилгаа тусгаарай хэмээн хүсч байна. Хан Хэнтий нутгийнхаа ирээдүйн эзэд та бүхний сурч боловсрох их үйл өрнүүн сайхан, эрүүл энх байж өөртөө итгэлтэй, хариуцлагатай, манлайлагч иргэн болон төлөвшинө гэдэгт итгэлтэй байна” хэмээн чуулганыг нээснийг мэдэгдэв.
Уг чуулганд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, АЗДТГ-ын НБХ-ын дарга Д.Өнөрцэцэг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Уртнасан, БШУГ-ын дарга С.Мөнхцэцэг, ХХҮГ-ын дарга Э.Хонгорзул тэргүүтэй 18 сум, 5 тосгоны захирагчид болон тус бүрийн хүүхдийн оролцооны байгууллагын төлөөллүүд оролцож байна.
Хэнтий аймаг 79429 хүн амтайгаас 28741 нь хүүхэд бөгөөд энэ нь нийт хүн амын 36.2 хувийг эзэлж буй юм. Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Хэнтий аймгийг хүүхдэд ээлтэй аймаг болгох, хүүхдийн асуудлыг бүх нийтийн үйл хэрэг болгож, нөлөөллийн ажлыг өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар тусгасан. Мөн 2022 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлаж, хоёр зорилтын хүрээнд 28 арга хэмжээг төлөвлөн биелэлтийг ханган ажиллаж байна.