Ц.ХИШИГДАВАА: ИРГЭДИЙН ДУНД ШҮДНИЙ ӨВЧЛӨЛ ӨНДӨР, ДЭЭР НЬ ХОЁР ЭМЧ АЖИЛЛАЖ БАЙГАА УЧИР АЧААЛАЛ ИХ БАЙНА

2022.11.14
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Шүдний тасагт үзүүлэх гэсэн боловч цаг авч чадахгүй байх асуудал иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулдаг. Үүнтэй холбоотойгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нүүр амны их эмч Ц.Хишигдаваагаас иргэдийн дунд шүдний өвчлөл хэр байгаа болон цаг авахад яагаад хүндрэл гарч буй талаар тодрууллаа.

Тэрбээр “Хамгийн түрүүнд ирсэн 10 орчим иргэн л шүдний тасагт цаг авч амждаг. Сүүлийн хоёр гаруй жил ийм байдалтай байна. Энэ нь иргэдийн дунд шүдний өвчлөл маш их байгаатай холбоотой. Шүдний кабинетэд өнөөдрийн байдлаар хоёр эмч ажиллаж байна. Гурав байснаас нэг нь сургалтаар Улаанбаатар хот руу явсан. Нэг эмч өдөрт 20 өвчтөн үзэж, эмчилдэг. Үүний 8-10 нь давтан үзлэг, эмчилгээ хийлгэж буй хүмүүс байгаа. Нэг өвчтөнд 20 минут зарцуулдаг. Мөн нэг хүний шүдний өвчлөлийг эдгээхэд багадаа нэг сарын хугацаа хэрэгтэй. Иймд хоёрхон эмч ажиллаж байгаа учраас дараагийн өвчтөнөө авах хүртэл өмнөх өвчтөнүүдээ эдгээж гүйцэхгүй байна. Энэ мэтээс дээр нь иргэдийн дунд шүдний өвчлөл маш өндөр байгаагийн улмаас шүдний тасагт үзүүлэх хүмүүсийн урсгал их байгаатай холбоотойгоор үзлэгийн цагт ачаалал үүсч байна.
Шүдээ сайн арчлах нь амны хөндий эрүүл байхын үндэс болдог. Иймд иргэд, эцэг эхчүүд та бүхэн өөрийн болон үр хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндийг сайтар сахин хамгаалаарай гэж зөвлөмөөр байна” гэв.
Түүнчлэн шүдний эмч, мэргэжилтэн ажилд авахаар зар тавьсан боловч орон нутагт ирж ажиллах хүний нөөц олдохгүй байгаа талаар хэлсэн юм.