Ч.АРИУНАА: УХААЛАГ ТООЛУУРЫН ТУРШИЛТТАЙ ХОЛБООТОЙГООР УГ ТООЛУУРЫГ СУУРИЛУУЛСАН 939 ӨРХӨӨС ТӨЛБӨРӨӨ ХУГАЦААНДАА ХИЙГЭЭГҮЙ ӨРХИЙН ЦАХИЛГААНЫГ ЭНЭ САРД АВТОМАТААР ХЯЗГААРЛАНА

2022.11.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
-Туршилт амжилттай болбол цахилгааны хязгаарлалтыг дараа сараас сар бүрийн 25 хүртэл хойшлуулах боломжтой-
-Туршилт амжилттай болбол цахилгааны хязгаарлалтыг дараа сараас сар бүрийн 25 хүртэл хойшлуулах боломжтой-
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав тог цахилгааны хязгаарлалтыг иргэдийн цалингийн орлоготой уялдуулан сар бүрийн 28-наар хязгаарладаг байх тухай хүсэлтийг Баруун, зүүн, өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдлагуудад хүргүүлсэн. Уг хүсэлтийг хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар Хэнтий аймгийн Цахилгаан түгээх сүлжээ салбарын Хангах үйл ажиллагаа хариуцсан менежер Ч.Ариунаагаас тодрууллаа.
Тэрбээр “Дэлхийн банкны “Эрчим хүч-II” төслийн хүрээнд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын Багануур дүүргийн нийт 8000 өрхөд ухаалаг тоолуур суурилуулсан. Манай аймгийн хувьд Хэрлэн сумын А-56, А-55, А-60, А-61, А-52, А-01, А-17, А-18, А-19, А-24, А-15, А-25, А-26, А-22, Д-7, Д-40, С-26, К-27, К-28, С-78, С-79, С-80, С-90 орон сууцны 939 өрхөд ухаалаг тоолуур суурилуулаад байгаа. Уг тоолуурын хүчдэлийн түвшин 220 кВт бөгөөд хэрэглэгч цахилгааны хэрэглээгээ хянахаас гадна өдрийн, шөнийн гэсэн тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Мөн өөр дээрээ цахилгаан түдгэлзүүлэх болон залгах тохиргоотой учир хэрэглэгч цахилгааны төлбөр төлсөн нөхцөлд автоматаар тог залгагдах юм. Өнгөрсөн аравдугаар сард уг тоолуурын туршилтыг хийх үүднээс 8000 хэрэглэгчээс төлөлтөө хийгээгүй өрхийн цахилгааныг нэгэн зэрэг хязгаарласан. Үүнд Хэрлэн сумын ухаалаг тоолуур суурилуулсан 939 өрх хамаарагдана. Хязгаарлалт хийсний дараагаар хэрэглэгчид нэгэн зэрэг төлөлт хийсний улмаас программд ачаалал үүссэн. Үүнээс үүдэн өрхүүдэд цахилгаан очих хүртэл хамгийн ихдээ 1-12 цаг зарцуулсан. Иймд программд засвар оруулж дахин шинэчилсэн. Тиймээс энэ сарын 21-нд шинэчлэл хийсний үр дүнг харах буюу дахин туршилт хийж үзнэ. Дахин хүндрэл гарахгүй гэж найдаж байна.
Манай ЦТСС тэр бүр хэрэглэгчдийн тог цахилгааныг хязгаарлаад байдаггүй. Ухаалаг тоолуурын туршилттай холбоотойгоор өнгөрсөн аравдугаар сард дээрх асуудал үүссэн. Үүнээс ч өмнө хэрэглэгч бүрт сар болгоны 20-доор төлбөрөө төлөөгүй нөхцөлд цахилгаан хязгаарлах тухай сануулгыг мессежээр хүргэдэг байсан. Төв компаниас цахилгааны хязгаарлалтыг сар бүрийн 23 болгож хойшлуулсан. Гэвч манай ЦТСС-аас аймгийн удирдлага болон иргэд, хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг харгалзан үзэж цахилгааны хязгаарлалтыг сар бүрийн 25-нд хийдэг байхаар хойшлуулахаар шийдвэрлэсэн. Хэрэв энэ сарын 21-нд программын шинэчлэлийг туршиж үзээд ямар нэгэн асуудал гарахгүй, төвөөс дахин туршилт хийх шаардлагагүй гэж үзвэл дараа сараас эхлэн сар бүрийн 25-нд цахилгааныг хязгаарладаг болно” хэмээн ярилаа.
Харин аймгийн хэмжээнд цаашид нийт өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил хэзээнээс эхлэх талаар “Бүх хэрэглэгчийг смарт тоолууртай болгох ажлын хүрээнд хоёр удаа тендер зарласан боловч гүйцэтгэгч компаниуд зах зээлийн үнийн өсөлтөөс болоод татгалзсан хариу өгсөн. Одоо гурав дахь удаагаа тендер зарлах гэж байна. Төсөвт өртөг нэг дахин нэмэгдсэн. Хэрэв бүх хэрэглэгч смарт тоолууртай болох юм бол Хэнтий аймагт хүчдэлийн уналттай газар байхгүй болно” гэв.