АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ СУДСАН ДОТУУРХ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОХ “АНГИОГРАФИЙН АППАРАТ” СУУРИЛУУЛЛАА

2022.10.06
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж болох “Ангиографийн аппарат” суурилуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Ингэснээр зүрх судас, мэдрэл, элэгний өвчлөлийн үед иргэд Улаанбаатар хотод очихгүйгээр орон нутгийн эмнэлгээсээ цаг алдалгүй тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж болох “Ангиографийн аппарат” суурилуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Ингэснээр зүрх судас, мэдрэл, элэгний өвчлөлийн үед иргэд Улаанбаатар хотод очихгүйгээр орон нутгийн эмнэлгээсээ цаг алдалгүй тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
Тодруулбал, Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанаар зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жил тэргүүлж байна. Уг үзүүлэлтийг бууруулахад судсан дотуурх оношилгоо, эмчилгээ буюу ангиографийн тусламж үйлчилгээ, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд үздэг. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны улсын төсвийн тодотголоор УНТЭ, УХТЭ болон зургаан аймгийн нэгдсэн эмнэлэгт тус аппаратыг худалдан авахад зориулж 10.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлүүлсэн. Уг зургаан аймгийн нэг нь Хэнтий аймаг юм.
Хөрөнгө оруулалтаар Орхон, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв тус бүрд 1.8 тэрбум төгрөгийн Германы Siemens үйлдвэрийн “Artis Zee” маркийн орчин үеийн дэвшилтэт программ хангамж бүхий ангиографийн аппарат суурилуулаад байна. Үүнээс гадна хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах чиглэлд Эрүүл мэндийн яамнаас УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулганаар ахлуулсан “Ангиографийн үндэсний баг” гаргасан. Тус баг өнөөдөр, маргааш буюу энэ сарын 6,7-нд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ангиографийн эмч мэргэжилтнүүдэд сургалт хийн, чадавхжуулах чиглэлээр ажиллах юм.
Энэ талаар УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “Ангиограф гэдгийг судсан дотуурх мэс ажилбар гэж ойлгож болно. Энэ бол эмчлүүлж байгаа хүндээ зовиур багатай бөгөөд зүсэлтгүй, мэдээ алдуулалтгүй эмчилгээний арга юм. Уг аппаратын тусламжтайгаар зүрх судасны өвчлөлийн үед хавхалга солих, цоорхойг бөглөх, зүрхний ишеми, цочмог шигдээс, элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ, тархины судасны оношилгоо, диализийн тунель, бөөрний судас, хөлийн тараагуур судасны оношилгоо зэрэг маш олон төрлийн оношилгоо, эмчилгээ хийх боломжтой.
Ямар өвчтөнүүдийг ангиографийн эмчилгээнд хамруулах вэ гэдэг маш чухал. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд ангиографийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.
Ангиографийн эмч мэргэжилтнүүд Улаанбаатар хотод зургаан сарын хугацаанд бэлтгэгдээд ирсэн. Харин бие дааж эмчилгээ хийх чадамж хэр байна вэ гэдэгт бид үнэлгээ хийх үүднээс хоёр хоног ажиллана. Нэг удаагийн асуудал биш учир дараа дараагийн шинэ эмчилгээ, оношилгоог нутагшуулах үүднээс дахин ирж ажиллана” хэмээн ярилаа.
Уг тоног төхөөрөмжийн нээлтэд Нэгдсэн эмнэлгийн удирдлага, Ангиографийн үндэсний баг, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг нар оролцсон юм.