АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2022.10.04
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын томоохон ажлуудын нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажил юм.
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын томоохон ажлуудын нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажил юм. Тэгвэл аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өчигдөр буюу энэ сарын 3-нд уг ажлын явц хэр байгаа талаар газар дээр нь очиж танилцлаа. Тэрбээр барилгын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудад газар шорооны ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө буюу газар хөлдөхөөс өмнө дуусгах, дутагдалтай байгаа техник хэрэгслийг хэрхэн зохицуулж ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн юм.
Уг ажлын зөвлөх инженерээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Хяналтын инженер, Монгол Улсын зөвлөх инженер Н.Ганболд ажиллаж буй. Тэрбээр ажлын явц хэр байгаа талаар “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлыг “Хангайн илч дулаан” ХХК гүйцэтгэж байгаа. Харин стадионы гадна явган хүний зам, сурын талбайн засвар, овоолгын ажил, ногоон байгууламж, замын ажил зэргийг “Харгуй”, Хэнтий ус, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “Идэр Ширэгү” зэрэг компаниуд гүйцэтгэж байна.
Одоогийн байдлаар стадионы эргэн тойрон 100 гаруй баганан суурь хийх ажлыг гүйцэтгэж байна. Үүний 80 орчим баганан суурийн бетоныг бүрэн цутгаж, арматурыг нь зангидаад явж байна. Үлдсэн 20 орчмыг нь энэ долоо хоногийн сүүлчээр хийж дуусгахаар байна. Мөн цаг агаар хүйтэрч эхэлсэн учир бетоноо хөлдөөхгүйн тулд нэмэлтүүд хийж байгаа. Ажлын талбарт нийт 50 орчим ажилтан, механизм ажиллаж байна. Маргааш (2022.10.05) 3 ковш, 4 хово гэсэн техникийг нэмэгдүүлж ажиллана.
Аймгийн удирдлагын зүгээс газар шорооны ажлыг өвөл болохоос өмнө гүйцэтгэж дуусгах тухай үүрэг чиглэл өгч байгаа. Харин төмөр карказны ажлыг өвөл хийнэ” гэв.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлын хүрээнд нийт 7 багц ажлыг хийж гүйцэтгэж байна.
Үүнд,
• Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын ногоон байгууламж
• Сурын талбайн засвар, стадионы гаднах явган хүний зам, автомашины зогсоол
• Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засвар
• Мөсөн гулгуурын талбай, овоолгын ажил
• Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талын авто замын барилгын ажил
• Үзэсгэлэнгийн талбай, авто замын барилгын ажил зэрэг багц ажлуудыг хийж гүйцэтгэх юм.