ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТРАН ЗАЛУУСТ ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

2022.09.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Өнгөрсөн 8 дугаар сард ГБХЗХГ-аас "Залуучуудын хөгжлийн сар"-н ажлын хүрээнд "Орон нутгийн хөгжилд залуусын оролцоо-хөдөлмөр эрхлэлт" сэдэвт салбар хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Өнгөрсөн 8 дугаар сард ГБХЗХГ-аас "Залуучуудын хөгжлийн сар"-н ажлын хүрээнд "Орон нутгийн хөгжилд залуусын оролцоо-хөдөлмөр эрхлэлт" сэдэвт салбар хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Тус хэлэлцүүлэгт аймгийн 70 гаруй залуучууд хамрагдаж Хэнтий аймгийн Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлууд, боловсрол соёл, залуусын хөгжил амьдрах орчин, эрүүл мэнд хөдөлмөр эрхлэлт гэсэн сэдвүүдийн хүрээнд залуус юу хийж чадах вэ, орон нутгаас ямар дэмжлэг хэрэгтэй вэ гэдгийг хэлэлцэн гаргасан бөгөөд эдгээр саналаа нэгтгэн өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэг нарт танилцуулж орон нутгийн бодлого хөтөлбөрт тусган ажиллахыг хүслээ.
Тухайлбал залуучуудын хувьд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал нь залуучуудын хөгжлийн төв, залуучуудад чиглэсэн эвент арга хэмжээ, бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудад зориулсан зөвлөх үйлчилгээ, хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй залууст зориулсан дундын оффисын байр, залуучуудыг орон нутагт ажиллуулах хүсэл сонирхлыг төрүүлэх орчин нөхцөлүүд, залуучуудад зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зэрэг асуудлууд байгаа аж.
Тиймээс эдгээр саналууд дээр аймгийн Засаг даргатай зөвшилцөсний эцэст эхний ээлжинд дараах ажлуудыг хийхээр боллоо.
Тодруулбал төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг байрыг түшиглэн залуучуудад үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг хангасан дундын оффисыг шийдвэрлэхээр боллоо. Энэ нь залуучуудад чөлөөтэй, өөрийн тааваар ажиллах, бүтээлч байдлаа өрдөх, танилын сүлжээгээ өргөтгөх, төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцох боломжийг олгож, залуусын ажиллах, хийж бүтээх хэв маягт эерэг нөлөө үзүүлж, гарааны бизнесийн экосистем хөгжихөд дэм болно гэж үзэж байгаа юм.
Мөн залуучуудад зориулсан томоохон хэмжээний эвент арга хэмжээг 100 жилийн ойгоо тохиолдуулан зохион байгуулж, цаашид уламжлах болгох, гарааны бизнес эхлүүлэхээр төлөвлөсөн ч хөлөө олж чадахгүй байгаа залуучуудыг туршлагатай бизнес эрхлэгч ментор коучингтай холбож, уулзалт лекцүүдийг зохион байгуулахаар боллоо.
Мөн залуучуудын зөвлөлөөс “Боловсон бол гоё” уриатай арга хэмжээг эхлүүлж эхний ээлжинд “Хоггүй хот” болох ажлыг залуучуудыгаа уриалан зохион байгуулахаар боллоо.
Залуучуудын хөгжлийн төвийн хувьд энэ жил зураг төсвийг нь бэлэн болгосон бөгөөд ирэх жилийн улсын төсөвт тусгуулахаар саналаа хүргүүлсэн байгаа талаар аймгийн Засаг дарга танилцуулсан юм. Түүнчлэн төв цэнгэлдэх хүрээлэнг тохижуулж байнгын үйл ажиллагаатай байлгахаар төлөвлөн ажиллаж байгаа талаараа танилцуулаад залуучуудын санаачилгыг бүхий л талаараа дэмжин ажиллахаа илэрхийллээ.