"НАМРЫН БАЯР 2022" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 9 САРЫН 16,17-НД СПОРТ ЗААЛАНД БОЛНО

2022.09.15
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнээр ахлуулсан “Намрын баяр 2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнээр ахлуулсан “Намрын баяр 2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн бизнес эрхлэгчид, малчид, тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, бизнесийн түншлэлийг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах, аймгийн брэнд бүтээгдэхүүнийг тодруулах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай.
Энэ удаад 9 сарын 16, 17-ны өдрүүдэд Чингис хотын төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан хэдий ч тухайн өдрүүдэд цаг агаар муудах төлөвтэй байгаа тул Биеийн тамир спортын газрын А зааланд хийхээр ажлын хэсэг шийдвэрлэлээ.
Мөн хөрш зэргэлдээ сумдад малын өвчлөл гарч байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар малын шилжилт хөдөлгөөнийг хориглохоор болсон. Үүнтэй холбогдуулан шилмэл мал шалгаруулах арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Тус үзэсгэлэн худалдааны үеэр “Эрүүл хүнс-2022”, “Шинэ ургацын баяр-2022”, “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа тус тус зохион байгуулна. Үүнд “Эрүүл хүнс-2022” үзэсгэлэн худалдаанд шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэсэн 3 төрлөөр, “Шинэ ургац-2022” үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос шилдэг ногоочин-3, даршилсан ногоо, боловсруулсан жимс, жимсгэнэ төрлөөр тус бүр 1, нийт 5 төрлөөр, “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанд шилдэг мод, модон эдлэл, гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, арьс ширэн эдлэл, брэнд бүтээгдэхүүний багц, шинэ санаа шилдэг бүтээл зэргийг тус тус шалгаруулна.