"СЭРСЭН ТАЛ" СЭРҮҮН ТАЛДАА ЭГШИГЛЭЛЭЭ

2022.09.11
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “СЭРСЭН ТАЛ-2022" орчин үеийн дуу дуулаачдын улсын хоёрдугаар уралдаан өнөөдөр Жаргалтхаан суманд ёслол төгөлдөр эхэллээ.
Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Шарав сангаас зохион байгуулж тус уралдааныг Монгол улсын Соёлын яам, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, “Эргэх холбоо” хөгжлийн хөтөлбөр, Жаргалтхаан сумын нутгийн зөвлөл дэмжин оролцож байна.
Тус наадмын нээлтэнд УИХ-ын гишүүн, Биеийн тамир, спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх М.Ганхүлэг, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, “Шарав сан”-гийн тэргүүн Б.Шарав агсны гэргий Д.Ганчимэг, Ш.Гаалиймаа, МУАЖ А.Энхтайван МУАЖ А.Бүтэд, МУАЖ Д.Жаргалсайхан/ Чингис хаан хамтлаг/, МУАЖ Г.Равдан, МУАБ, МУГЖ О.Ичинхорлоо, МУУГЗ Ч.Буянхишиг, МУУГЗ, зохиолч Ж.Саруулбуян, МУГЖ Ц.Түвшинтөгс, ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Б.Эрдэнэтуяа, МУСТА С.Бат-Эрдэнэ, МУСТА Д.Ариунбаатар, МУСТА Д.Наранхүү, МУСТА Б.Урангоо нарын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.
Мөн Урлагийн гавъяат зүтгэлтэн Н.Буянбаатараар удирдуулсан ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР-ын төрийн их найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хөгжмийн зохиолчийн “Сэрсэн тал” уран бүтээлийг Жаргалтхааны тэнгэр дор эгшиглүүллээ.
Өнөөдөр Жаргалтхаан суманд “СЭРСЭН ТАЛ-2022” дуу хөгжмийн наадам, орчин үеийн дуу дуулаачдын улсын 2-р уралдааны хүрээнд зохион байгуулагдах “ДУРСАМЖ УУЛЗАЛТ” болохоос гадна Орчин үеийн дуу дуулаачдын наадамд 70 шахам уран бүтээлчид оролцож байна.
Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс “Сэрсэн тал” дуу хөгжмийг уламжлал болгон зохион байгуулах, уран бүтээлийг сурталчлахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Б.Шарав агсан амьдралынхаа туршид “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон" балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1, 2 дугаар симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичсэн. Түүний хувьд дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвиж, 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажиллаж байсан юм.
“Сэрсэн тал” бүтээлийнхээ тухай Б.Шарав агсан “Миний бага насны амьдралтай холбоотой. Захиалагчийн санаа юу байсан бэ гэхээр, ерөөсөө л Монгол орны сэрж буй амьдрал. Талд амьдрал сэрж байгаа тухай. Тэр дотор наадам ч орно. Монголын ард түмний сэрж байгааг, хийж бүтээх зориг, эрмэлзлийг дүрслэх учиртай байсан. Одоо наадмаар морь уралдахад "Сэрсэн тал" байнга явж байдаг. Хурдан морины уралдаантай сайхан таардаг” хэмээн ярьж байжээ.