БАТНОРОВ СУМЫН БАЯН, БАЯНБУЛАГ, ИДЭРМЭГ БАГИЙН ИРГЭДЭЭ СОНСЛОО

2022.09.09
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
“Эргэх холбоо-52” Иргэдээ сонсох уулзалтыг Батноров сумын хөдөөгийн Баян, Баянбулаг, Идэрмэг багуудад зохин байгуулж, гурван багийн нийт 130 иргэдтэй уулзалт хийж , тэдний санал хүсэлтийг хүлээн авлаа.
“Эргэх холбоо-52” Иргэдээ сонсох уулзалтыг Батноров сумын хөдөөгийн Баян, Баянбулаг, Идэрмэг багуудад зохин байгуулж, гурван багийн нийт 130 иргэдтэй уулзалт хийж , тэдний санал хүсэлтийг хүлээн авлаа. Иргэдээ сонсох уулзалтын нэг онцлог нь иргэдээ төлөөлж төрд сонгогдсон баг, сум, аймгийн Засаг дарга нар, УИХ-ын гишүүн нь багт хүрэлцэн очиж, тэдэнд мэдээлэл хүргэж, Засаг захиргааны анхан шатны нэгжид тулгамдаж буй асуудал, иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, шийдлээ хүлээсэн зарим асуудлыг газар нь шийдвэрлэх, мөн уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, иргэдэд улс орны нөхцөл байдал, шинэ тутам батлагдсан хууль тогтоомжийг сурталчилдгаараа онцлогтой.
Баян багийн иргэн Н.Нацагмаа Засгийн газраас арилжааны банкнуудаар дамжин олгогддог ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл, ЖДҮ-ийн зээл хүртээмж тааруу, багт мэдээлэл нь хоцорч ирдгээс шалтгаалж эздэдээ хүрэхгүй байна, сумын ЗДТГ-ын барилгыг ашиглалтад оруулах асуудал, газрын тухай хууль, Бичил уурхай эрхлэгчид хууль тогтоомжийн хайчинд орж гурван жил үйл ажиллагаагаа эрхэлсэнгүй гэх мэт нийт 7 санал, асуулт хэллээ. Харин н.Баяргэрэл, н.Оюунханд нар сумын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, Цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлаар асуулт асуулаа.
Баянбулаг багийн иргэдийн төлөөлж Г.Батсаруул, Н.Урантунгалаг, Б.Наранцэцэг нарын нийт 7 хүн санал хэлж, асуулт асуулаа. Онцолбол, төрөөс залуу малчдад үзүүлдэг дэмжлэг, махны үнийг барих бодлого, махны ченж нарын нугалаанаас шалтгаалж мал үнэгүйдэж байна үүнийг хэрхэх вэ, багийн хилийн цэстэй холбогдсон асуудлаар тодрууллаа.
Идэрмэг багийн иргэн н.Бөхчулуун гуай Идэрмэг сум тарж, Батноров, Баянхутаг суманд хүн ард, газар нутаг, мал ахуйтайгаа очсон. Манай Идэрмэг багт 1976 оноос хойш аймгийн Засаг дарга ирээгүй. 2018 онд аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун ирж, багийн төвийн засварыг шийдвэрлэж өгсөн. Багт аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн хүрэлцэн ирсэнд талархалтай байна хэмжээж, цаашид багийн төвийг шинэчлэх асуудалд анхаарахыг хүслээ.
Мөн Ш.Сайнбуян, С.Мөнхсүлд, багийн Засаг дарга н.Энхбаатар, ИНХ-ын дарга н.Оюунчимэг нарын 8 хүн асуулт асууж, санал хүсэлт тавилаа. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд “зөрчил” гэдгийг тодорхой тусгаж оруулаагүйгээс шалтгаалж торгох шалтгаан нь үндэслэлгүй харагддаг. Хөдөөгийн малчдад Зөрчлийн хууль хатуу үйлчилдэг. Нэмэлт өөрчлөлтөд зөрчлийг тодорхой тусгаж, сануулах зүйл заалтыг тусгах хэрэгтэй. Уул уурхайн нөхөн сэргээлтэд аймгаас нэгдсэн бодлогоор анхаарч ААН-ийг хариуцлагажуулах, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулиар багийн ИНХ-ын даргыг Хурал даргалагч болгож, ажил үүргийг нь хэвээр нь үлдээсэн хэр нь урамшууллыг нь хассан талаар, түүхий эдийн үнийн бодлого, Хэнтий аймаг залуучуудаа дэмжих асуудалд хэрхэн анхаарч байгаа талаар асуулт асууж санал хэллээ.
Баян, Баянбулаг, Идэрмэг багийн иргэд үүрэн телефоны сүлжээ тавих асуудлаар УИХ-ын гишүүнд хандсанаас Идэрмэг багийн сүлжээний асуудлыг ирэх онд шийдвэрлэхээр боллоо. Үлдсэн хоёр багийг аймгийн ЗДТГ-ын судалгааны үндсэн дээр шат дараатай шийдвэрлэх юм.
Үүнчлэн Баян багийн тохижилтод зориулж, орон нутгийн төсвөөс 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.