ХЭРЛЭН СУМЫН 3 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ ХЭСЭГЧЛЭН АШИГЛАЛТАД ОРУУЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВАХААР БОЛЛОО

2022.09.01
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн 200 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгын ажлын тендерийг 2020 онд БШУЯамнаас зарласан.
Улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн 200 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгын ажлын тендерийг 2020 онд БШУЯамнаас зарласан.
Тус тендерт "Их даян бүүвэй" ХХК шалгарч, гүйцэтгэж байгаа хэдий ч ковид 19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ажил удааширч 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээг сунган ажиллаж байна.
Өнгөрсөн жилийн хувьд 3 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийг бусад цэцэрлэг, яслид анги бүлэг нээн хичээллүүлж байсан юм. Энэ нь хүүхдүүд, эцэг эхчүүдийн хувьд хүндрэлтэй байгаа тул аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав холбогдох байгууллагууд болон гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай хамтарсан уулзалт хийлээ.
Одоогийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл 87 хувьтай байгаа бөгөөд орон нутгийн зүгээс гүйцэтгэл зурж өгсөн тохиолдолд санхүүжилтээ авч, 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна гэдгээ "Их даян бүүвэй" ХХК-ий захирал н.Мандалбаяр танилцуулсан юм.
Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын зүгээс хүүхдүүдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж энэхүү барилгыг яаралтай ашиглалтад оруулах нь зөв гэж үзээд тус компанид итгэл үзүүлэн гүйцэтгэлийг зурж баталгаажуулахаар боллоо. Харин хүн хүчээ нэмэгдүүлж амласан хугацаандаа ашиглалтад оруулахыг анхааруулсан юм.
Мөн энэ хугацаанд хүүхдүүдээ хэрхэн хүлээн авах асуудлыг НБХ8 ХБТХОХ, ГХБХБГ, МХГ, Эрчим, ОБГ-тай зөвшилцөж дараах шийдэлд хүрлээ.
Тус цэцэрлэгийн хуучин барилгын засварын ажил дууссан тул хэсэгчлэн ашиглалтад оруулж, хүүхдүүдээ хүлээн авах, хуучин гал тогоонд 380 кв цахилгаан татаж гал тогоог ашиглалтад оруулах, галын аюулгүй байдалд ОБГ, хоол хүнсний аюулгүй байдалд МХГ-аас хяналт тавих, шинэ барилгыг ашиглалтад орж халаалтын тогоо нэмж суурилуулах хүртэлх хугацаанд дулааны найдвартай байдлыг Хэнтий ус ХХК хариуцахаар боллоо.
Хүлээн авах 7 ангид 200 гаруй хүүхдүүд хамрагдах боломжтой байгаа тул үлдсэн бүлгийн хүүхдүүдийг өөр цэцэрлэгт түр хуваарилах юм байна. Гэсэн ч цэцэрлэг бүрэн ашиглалтад орсноор бүх хүүхдүүдээ шинэхэн цэцэрлэгтээ хүлээн авна.