МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ХЭРЛЭН СУМЫН ГҮҮРНИЙ УРД, БАЯН-ОВОО СУМЫН ГҮҮРЭНД ХАЛДВАРГҮЙТГЭЛ, ХЯНАЛТЫН ЦЭГ АЖИЛЛУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2022.06.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Малын гоц халдварт өвчний нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа.
Малын гоц халдварт өвчний нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа.
Хэнтий аймгийн хувьд өнгөрсөн хугацаанд малын шүлхий, мялзан, цэцэг өвчний гаралт нэлээдгүй байсан ч дор бүр нь арга хэмжээ авсны үр дүнд голомтуудыг цомхотгон дарж тайван нөхцөл байдалтай байна.
Харин манай зэргэлдээ аймаг болох Дорнод аймагт малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин батлагдаж 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Энэхүү өвчин нь өнгөрсөн хугацаанд Дорнод, Сүхбаатар манай аймгийн зарим сумдад оношлогдож байсантай холбогдуулан халдвар гарах, тархах эрсдэл өндөр байгаа юм.
Олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин болох үхрийн арьс товруутах өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархдаг, мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн нэлээд хувь нь үхэж хорогддог эдийн засгийн хохирол ихтэй өвчин юм.
Тиймээс мал амьтны гоц халдварт шүлхий, үхрийн арьс товруутах өвчин, бог малын мялзан, хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 30 хоногийн хугацаанд Хэрлэн сумын гүүрний урд /байрлалыг ажлын хэсэг газар дээр үзэж тогтоох/, Баян-Овоо сумын гүүрэнд тус тус халдваргүйтгэл, хяналтын цэг ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Эдгээр постод Цагдаагийн газар, тухай сумын төрийн албан хаагч, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн ажилтан гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.
Аливаа өвчний тархалтыг зогсооход ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс эдгээр цэгээр дамжин өнгөрч байгаа машин техникийг Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативын дагуу тодорхой хураамж авч, ариутгалын ажлыг зохион байгуулна.
.