Мэдээ мэдээлэл
УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН ЗӨВЛӨЛДӨЖ, АЙМАГ ОРОН НУТГИЙНХАА ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ НЭГДЛЭЭ
2022.05.23
Бүтээн байгуулалт
Засаг дарга
Үйл явдлын мэдээ
Аймгийн уул уурхайн салбарын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр буюу 2022.05.13-ны өдөр Чингис амжилттай зохион байгуулагдлаа.
Аймгийн уул уурхайн салбарын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр буюу 2022.05.13-ны өдөр Чингис амжилттай зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ болон 12 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн, иргэдийн төлөөлөл, 16 суманд үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн төлөөллүүд оролцлоо.
Уул уурхайн салбар 2021 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, экспортын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувийг дангаараа бүрдүүлсэн байна.
Мөн 2021 оны улсын төсөвт нийт 13.4 их наяд төгрөг төвлөрсний 29.6 хувь буюу 4.1 их наяд төгрөгийг тус салбар бүрдүүлсэн.
Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарын хөгжлийг түргэсгэх, ойрын болон урт, дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл арга хэмжээг тодорхойлж “Алсын хараа 2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичгүүдэд тусган холбогдох тооцоо, судалгаа, хувилбарыг боловсруулж, хэрэгжилтийг төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэхээр холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэж эхлээд байгаа юм.
Тиймээс улс орны хэмжээнд хийгдэж буй энэхүү Засгийн газрын бодлогыг дэмжиж аймаг орон нутагт хэрэгжүүлэх, тус салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, аймгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ногоон хөгжлийг дэмжсэн, ил тод, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилготойгоор энэхүү зөвлөгөөнийг АЗДТГ-аас зохион байгууллаа.
Одоогоор аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 128, хайгуулын тусгай зөвшөөрөл 80, нийт 128 тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн маань 3.3 хувийг эзэлдэг.
Орон нутгийн зүгээс олгогдсон байгаа тусгай зөвшөөрлийн тоог аль болох нэмэхгүй байх бодлого барьж аймгийнхаа нутаг дэвсгэрийн 40 гаруй хувийг улсын болон орон нутгийн хамгаалалтад авсан байдаг.
Нөгөө талдаа нэгэнт тусгай зөвшөөрлөөр олгогдсон эдгээр ашигт малтмалын нөөц бүхий ордуудыг үр ашигтайгаар, байгальд ээлтэйгээр, аймаг орон нутгийн эдийн засагт хувь нэмэртэйгээр олборлох, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна.
Тиймээс энэхүү хэлэлцүүлгийг төр, орон нутаг, хувийн хэвшлийнхэн хамтран геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарын талаарх бодит мэдээллийг харилцан солилцож, орон нутагт болон хөрөнгө оруулагчдад үүссэн хүндрэл бэрхшээлийг харилцан ярилцаж, түүнээс гарах гарц шийдлийг тодорхойлон, нэгдсэн ойлголтод хүрч зөвлөлдсөн, үр дүнтэй уулзалт боллоо.
Хэлэлцүүлгээс Салбарын өмнө тулгамдсан асуудал, сорилтыг хамтдаа даван туулж, боломжийг бий болгон, аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө санаачилгатай ажиллахад санал нэгдэж 12 зүйл бүхий уриалга гаргасан юм.