ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ДӨЛ-2022” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНД ДАДАЛ СУМЫН ЕБС-ИЙН БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

2022.05.23
Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг, спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 7 сум, 2 тосгоны 13 багийн 169 тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс

Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг, спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 7 сум, 2 тосгоны 13 багийн 169 тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Дадал сумын ЕБС-ийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо.

Түүнчлэн 2 дугаар байранд Биндэр сумын баг, 3 дугаар байранд Өлзийт тосгоны баг, тусгай байранд Хэрлэн сумын Тэмүжин цогцолбор сургуулийн баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан юм.

Шагналыг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Н.Хүрэлээ, Монгол цэргийн нэгдсэн холбооны Хэнтий аймаг дахь салбар холбооны нарийн бичгийн дарга Ц.Батсайхан, Сүхбаатар аймгийн Цэргийн штабын дарга Дэд Хурандаа н.Аваацогт, Зэвсэгт хүчний 232-р ангийн штабын дарга хошууч н.Лхагвадорж нар гардуулан өгч баяр хүргэлээ.

Мөн Өлзийт тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганцэцэгт баг тамирчдаа сайн зохион байгуулж, бэлдэж оролцуулсан явдалд талархал хадгалуулав.

Энэхүү тэмцээн нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгож, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, Монгол цэргийн залгамж халааг бэлтгэх зорилготой. БНМАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа, генерал Ж.Ёндонгийн санаачилгаар 1984 оноос эхлэн зохион байгуулж ирсэн түүхтэй.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн баг тамирчид ирэх наймдугаар сард болох улсын аварга шалгаруулах тэмцээнд аймаг орон нутгаа төлөөлөн оролцоно.