Мэдээ мэдээлэл
ЭР ЦЭРГИЙН АЛБАНД ХАМТДАА МОРДСОН АХ ДҮҮ ХОЁРЫГ ЭЭЖТЭЙ НЬ УУЛЗУУЛАВ
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2021 онд Хэнтий аймгаас хугацаат цэргийн албанд мордсон дайчдыг ар гэрийн төлөөлөлтэй уулзуулах, тэдний алба хааж буй нөхцөл байдалтай танилцуулах, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги байгууллагыг орон нутагт сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой “Уулзахын жаргал” нэвтрүүлэг бэлтгэх үйл ажиллагааг 03 дугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн дэмжлэгтэйгээр Дорнод аймгийн Чойбалсан хот, Халхгол суманд зохион байгуулаа. Бидний зорин очсон Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн дэд түрүүч Г.Ганбаяр, Хилийн 0198 дугаар ангийн байлдагч Г.Төгсбаяр нарын ээж Э.Пүрэвсүрэн Хэнтий аймгийн Хэрлэн суманд амьдран суудаг бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байна. Тэрбээр 4 хүүтэй ууган хүү нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан бол удаах 2 хүү нь дээрх ангиудад алба хааж байгаа юм. Ийнхүү хөвгүүдээ эр цэргийн албанд зэрэг мордуулсан ээж хоёр хүүтэйгээ уулзсан уулзалтын хажуугаар аймгийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн албаныхан Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг, улс орон даяар сурталчлах зорилгоор бүрэн хэмжээний нэвтрүүлэг бэлтгэсэн ба тун удахгүй “Уулзахын жаргал” нэвтрүүлгээрээ үзэгч та бүхэнтэй учран золгох болно.