Мэдээ мэдээлэл
“БИ МОНГОЛ ХҮН” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ, ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН, БАГШ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Тамирчны амжилт, бие бялдар, тэсвэр тэвчээр, хувийн зохион байгуулалтаас гадна тамирчны сэтгэл зүйгээс ихээхэн хамааралтай. Иймдээ ч хөгжингүй улс орнууд тамирчныхаа сэтгэл зүйд бага балчраас нь анхаардаг.
Манай ОУ-ын чанартай тамирчдад ч сэтгэл зүйн асуудлыг хариуцсан баг ажиллах болсон нь өнгөрсөн Токиогийн олимпоор ажиглагдсан. Тэгвэл Хэнтий аймагт “Оюунлаг, спортлог-Хэнтийчүүд” НҮТББ-аас “Би Монгол Хүн” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.
Аймгийн ИТХ, Засаг даргын дэмжлэгтэйгээр Биеийн тамир, спортын газар, СЕНТ ЛУЙС олимп судлалын төвтэй хамтран хэрэгжүүлж буй уг төсөлд Хэнтий аймгийн шигшээ багийн 44 тамирчин, шигшээ багийн 20 багш, дасгалжуулагчийг хамруулж тамирчны сэтгэл зүйг бэлтгэх, тамирчны сэтгэл зүйг, бэлтгэхдээ төрөлх Монгол хүн төвтэй үзлийг хослуулан бэлтгэж буйгаараа онцлог гэдгийг тус НҮТББ-ын тэргүүн, шатрын багш, дасгалжуулагч спортын мастер Ч.Эрдэнэ-Очир мэдээллээ.
Төслийн сургагч багшаар Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан, Токио-2020 зуны олимпийн XXXII наадмын үндэсний шигшээ багийн спортын сэтгэл зүйчдийн ажлын хэсгийн ахлагч, спортын сэтгэл зүйч, доктор, дэд профессор Ширнэндоржийн Долгор ажиллаж байгаа бөгөөд аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагчтай ажиллаж байна.
Төслийн нээлтээр тэрбээр сурагчдад Монгол хүн гэж хэн бэ, Монголчууд яагаад Дэлхийг байлдан дагуулсан бэ? Би хэн бэ? Миний зорилго юу вэ? гэдэг сэдвээр хэлэлцэж, тамирчин хүний амжилт - сэтгэл зүйгээс, сэтгэл зүйн бэлтгэл төрөлх Монгол зан чанар, Монгол ухаан, тэсвэр хатуужлаас эхэлнэ гэдгийг хэлж байлаа.Уг төсөл таван сарын хугацаатай хэрэгжих бөгөөд Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав шигшээ багийн тамирчин, багш дасгалжуулагчдад үр өгөөжөө өгсөн, амжилттай төсөл хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.