ХЭРЛЭН СУМЫН ХЭРЛЭН, БУЛАГ, БАЯНМӨНХ БАГИЙН 400 ШАХАМ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2022.02.22
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр буюу 9 дэх өдрөө Хэрлэн сумын Хэрлэн, Булаг, Баянмөнх багуудад УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг, багийн Засаг дарга нар, тус б...

Өнөөдөр буюу 9 дэх өдрөө Хэрлэн сумын Хэрлэн, Булаг, Баянмөнх багуудад УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг, багийн Засаг дарга нар, тус багуудаас аймаг, сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн хамт ажиллалаа.

Уулзалтыг багийн хөгжлийн төвд зохион байгуулж, нийтдээ 400 шахам иргэд оролцож, гурван багийн уулзалт 8 цагийн турш үргэлжиллээ. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталж, энэ оны эхнээс хэрэгжүүлэн эхэлсэн энэ цагт Хэрлэн сум багийнхаа Засаг дарга нарыг иргэдийн нийтийн хурлаараа шалгаруулан үүрэгт ажилд нь томилжээ.

Тиймээс шинэ бүтэц бүрэлдэхүүн, аймаг, сумын удирдлагуудаас нийт санал асуулга тавьсан 34 хүний 70 гаруй саналын дийлэнх нь чиглэгдэж байлаа. Үүнчлэн Хэрлэн сум, аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон УИХ-ын Ц.Идэрбатаас төрийн ажлын залгамж халаа, өмнө нь дэвшүүлж байсан асуудал, ажлын хэрэгжилттэй холбоотой 10 гаруй санал асуулт асуув.

Тухайлбал, нийгмийн даатгалын сангийн асуудлаар ирэх хаврын чуулганд нэмэрлэх санал, Улс төрийн намуудын тухай хуулийн хэлэлцүүлэг, Хан Хэнтий чуулгын барилгын шүүх хурлын явц, Тулга констракшны тодотголтой 48 айлын барилгын асуудал, боловсрол, эрүүл мэндийн салбарын чанар, үйлчилгээ, УИХ-ын гишүүдэд уламжлах саналын талаар хэлэлцлээ.

Мөн аймаг, сумын удирдлагууд, хурлын төлөөлөгчдөд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангийн зээлийн хүртээмж, шалгаруулалт, Хэрлэн нэгдүгээр баг, банкны байрны дахин төлөвлөлт, Гахайн фермерийн газрын асуудал, хог боловсруулах үйлдвэр, шинэ суурьшлыг бүсийг эрчим хүчинд холбох, өргөн хэрэглээний барааны үнэ, Хэрлэн сумын отор, хадлангийн бүс, ахмад настны амралт сувиллын үйлчилгээтэй холбоотой олон арван асуудлаар хандаж, хариулт авсан үр дүнтэй уулзалт боллоо.