БАЯНМӨНХ СУМЫН ДУЛААН БАГИЙН МАЛЧИН Б.БУЯНДАЛАЙ, Д.ЛХАМ НАРЫН “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-Ы ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2022.02.10
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Баянмөнх сумын Дулаан багийн малчин Батнасангийн Буяндалай, гэргий Д.Лхам нар “Улсын аварга малчин”-аар шалгарч өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн ХХААГ-ын МҮА-ны дарга Г.Гантөмөр тэргүүтэй...

Баянмөнх сумын Дулаан багийн малчин Батнасангийн Буяндалай, гэргий Д.Лхам нар “Улсын аварга малчин”-аар шалгарч өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн ХХААГ-ын МҮА-ны дарга Г.Гантөмөр тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, албаныхан аварга малчныхаа шагналыг гардуулан өглөө.

Батнасангийн Баяндалай 1979 онд мэндэлсэн. Ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1988-1996 онд Баянмөнх сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсөж, 2000-2001 онд Төв аймгийн Сэргэлэн суманд хугацаат цэргийн алба хааж, 2001 оноос хувийн мал аж ахуйгаа эрхэлж мал аж ахуйн үйлдвэрлэлд тасралтгүй 21 дэх жилдээ хөдөлмөрлөж байгаа манай тэргүүний малчдын нэг юм.

Малчин Б.Буяндалайнх 100 эхээс 100-123 хувиар төл бойжуулснаар 2021 оны эцэст 2085 толгой малтай болж, сүрэгт эзлэх хээлтэгчийн хувийн жинг бод малд 47,2-48,1 хувь, бог малд 52,0-53,1 хувьд хүргэж, үржлийн албаар баталгаажсан толгой хээлтүүлэгчээр хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог бүрдүүлэн ажиллажээ. Эднийх Төллөсөн эх малаа саалинд бүрэн хамруулж 12,8 мянган литр сүү сааж цагаан идээ боловсруулан зах зээлд борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж ажилласан төдийгүй сүүлийн 3 жилд цөөн болон огт малгүй 5 өрхийг 592 толгой малаар малжуулжээ.

Б.Буяндалайгийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2018 онд “Аймгийн аварга малчин”, 2018 онд Улаан загалмайн “Нийгүүсэнгүй” мөнгөн медаль, 2019 онд МҮОНРТ-ийн нэрэмжит “Алтан хурганы эзэн”-ээр тус тус шагнагджээ.