ГАЛШАР СУМЫН БАЯНБАДРАЛ БАГИЙН МАЛЧИН МИНЖҮҮРИЙН ЛХАЖАВЫНХ "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" ӨРХ БОЛЛОО

2022.02.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хөдөлмөр зүтгэл, малч арга туршлагаараа шалгарсан Улсын сайн малчид, тариаланчдаа МУ-ын Засгийн газраас Буян үйлдэгч хэмээх Бар жилийн босгон дээр шалгаруулсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн буянт малаа өсгөж, улсдаа данслагдсан аварга...

Хөдөлмөр зүтгэл, малч арга туршлагаараа шалгарсан Улсын сайн малчид, тариаланчдаа МУ-ын Засгийн газраас Буян үйлдэгч хэмээх Бар жилийн босгон дээр шалгаруулсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн буянт малаа өсгөж, улсдаа данслагдсан аварга, сайн малчдынхаа шагналыг нь УИХ-ын гишүүд, аймаг, сумын удирдлагууд гардуулан өгч эхэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар өнөөдөр Галшар сумын Баянбадрал багийн малчин, аймгийн алдарт уяач Минжүүрийн Лхажавт Улсын аварга малчин өрхийн шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.Алдарт Бөгөн хул азарганы эзэн МУ-ын анхны Алдарт уяач, их уяач Донойн Цэвэгмидийн үр хойч, үргэлжлэл болсон Минжүүрийн Лхажав 1990-ээд оны сүүлчээс мал маллахын зэрэгцээ өвөг дээдсээс уламжлагдан ирсэн морь уяж сойх, хурдлуулах эрдмээ өвлүүлэн уламжилж яваа Галшар нутгийн сор болсон уяачдын нэг юм.

Тэрбээр 2002 онд өрх тусгаарлаж анх 200 гаруй мал аж ахуйн салбарт гарсан бол өдгөө 20 жилийн хөдөлмөр зүтгэлийн босгон дээрээ 3200 гаруй мал тоолуулж, улсын аварга малчин боллоо. М.Лхажавынх 2007 онд Мянгат малчин, Сумын сайн малчин, 2012 онд Аймгийн сайн малчин болж байв.

М.Лхажав өвөг эцэг Д.Цэвэгмидийн Бөгөн адуу, хадам аав Чоймболын Будаагийн "Оонон" угшилын адуу, Шилбэ, Тайж адууг өсгөж, цус сэлбэж хурдлуулж байгаа бол мах сүүний чиглэлийн Алатау, Сэлэнгэ үүлдэрийн бух, Барга хуц, Галшар улаан ямаагаар цус сэлбэж, малынхаа чанарлаг, таваарлаг байдлыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Үүнчлэн мал аж ахуйн үйлдвэрлэлд амжилттай ажиллахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж, албан байгууллага, хувийн аж ахуй нэгж, иргэдийг төрөл бүрийн хэлбэрээр дэмжиж хандив, тэтгэлэг хэлбэрээр хөрөнгө оруулдаг талаар сумын удирдлагууд хэлж байлаа.

Улсын сайд малчдадаа МУ-ын Засгийн газрын шагналаас гадна ХХААХҮ-ийн сайдын гарын бэлэг, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн гарын бэлэг, Аймгийн Засаг даргын гарын бэлгээр шагнаж, сум, багийн удирдлагууд мөн хүндэтгэл үзүүлж байна.Буянт мал сүргээ өсгөж, буурал дээдсийнхээ эрдмийг өвлөн үргэлжлүүлж байгаа танд Хан Хэнтий нутгийнхаа зон олны өмнөөс халуун баяр хүргэе.