ГАЛШАР СУМЫН БАЯНБАДРАЛ БАГИЙН МАЛЧИН А.ДОРЖБААТАР, Ж.УДВАЛЦЭЦЭГ НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2022.01.29
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Усан бар жилийн сар шинийн босгон дээр Галшар сумын Баянбадрал багийн малчин А.Доржбаатар, Ж.Удвалцэцэг нар аймгийн аварга малчин хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэд боллоо. Тэрээр мал аж ахуйн салбарт 29 дэх жилдээ үр бүтээлт...

Усан бар жилийн сар шинийн босгон дээр Галшар сумын Баянбадрал багийн малчин А.Доржбаатар, Ж.Удвалцэцэг нар аймгийн аварга малчин хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэд боллоо.

Тэрээр мал аж ахуйн салбарт 29 дэх жилдээ үр бүтээлтэй ажиллаж, уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж, мал сүргээ эрүүлжүүлэн, малын ашиг шим үүлдэр угшлыг сайжруулж, сүргийнхээ тоо толгойг зохистой хэмжээнд өсгөн 2013 онд мянгат малчин, 2019 онд сумын аварга малчин болжээ.

Галшарын улаан омгийн ямааны цөм сүргээр ямаагаа өсгөхийн зэрэгцээ, адуугаа Галшар үүлдэр, үхэр сүргээ Сэлэнгэ үүлдрийн үхрээр сайжруулснаас гадна баг, сум орон нутгаас зохион байгуулсан цаг үеийн бүхий л ажилд идэвхтэй сайн оролцдог аж.

Тухайлбал мал маллах арга ухаанаа залуу малчдад заан сургаж сүүлийн 3 жилийн байдлаар 3 малчин өрхийг 484 толгой малаар малжуулж, 3 өрхөд иж бүрэн 4 ханатай гэрийг гардуулан өгчээ. Мөн Ковид 19 цар тахалтай тэмцэх Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжин 30 хонь хандивлаж байжээ.

Жил бүр өвөлжилтийн бэлтгэлд зориулж хужир шүү 8-10 тонн, тэжээл 1,5-2,0 тн, өвс 50-55 тн бэлтгэдэг. Эзэмшлийн 1 өвөлжөө, 2 хаваржааг тохижуулан өөрийн хөрөнгөөр 2 худаг гаргаж, 1 худгийг сэргээн засварлаж, бэлчээр ашиглалтыг сайжруулсан байна. Мөн 2015 онд Баянбадрал багийн шилдэг гэр бүл, 2016 онд сумын шилдэг гэр бүлээр тодорч байжээ.