ДАДАЛ СУМЫН БАЛЖ БАГИЙН СААЛЬЧИН С.ГОМБОЗАЯА “АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН” БОЛЛОО

2022.01.26
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Дадал сумын удирдлагууд “Аймгийн аварга саальчин” С.Гомбозаяад шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Тус сумын Балж ба...

Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Дадал сумын удирдлагууд “Аймгийн аварга саальчин” С.Гомбозаяад шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Тус сумын Балж багийн саальчин С.Гомбозаяагийн гэр бүл нь 1994 оноос Дадал сумандаа 28 жил мал маллаж ажил хөдөлмөрийн гараагаа малчны хотноос эхлэн, буянт мал сүргээ жил дараалан тогтвортой өсгөж, 2015 онд “Сумын аварга малчин гэр бүл”, 2019 онд “Сумын аварга саальчин” болсон сумын шилдэг тэргүүний малчин гэр бүл юм.

Малыг өсгөн үржүүлэхдээ мал сүргийн ашиг шим үүлдэрлэг, таваарлаг байдалд анхаарч жил бүр малыг ангилалтанд хамруулж , 2020-2021 онуудад ХААХҮЯ-аас зохион байгуулж буй “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ны хүрээнд шилмэл сүргийн 1 бух, 17 үнээ ээмэгжүүлж бүртгүүлжүүлсэн ба 2011 оноос аймгийн ХХААГазар, Дадал сумын ХААТасагтай хамтран хэрэгжүүлж буй “Симменталь үүлдрээр сайжруулсан нутгийн үхрийн ашиг шимийн түвшинг тогтоох” судалгааны ажилд идэвхийлэн оролцож уг ажлын үр дүнд цөм сүргийн шаардлага хангаж байгаа тул үржлийн өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах эрх бүхий “ Цөм сүргийн өрх” батламжтай болсон.

Тус гэр бүл нь сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулалтыг жилээс жилд нэмэгдүүлэн, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, зориулалтын сав баглаа ашиглан сумынхаа зах зээлд борлуулахаас гадна сум, аймгийн үзэсгэлэн худалдаанд идэвхитэй оролцож бүтээгдэхүүнээ болон сум орон нутгаа сурталчилах ажилд багийн төдийгүй сумын малчдаа манлайлан оролцдог ажилсаг, хөдөлмөрч, манлайлагч малчин өрх юм.