ЦЭНХЭРМАНДАЛ СУМЫН НУГААР БАГИЙН И.ЦОЛМОНБАЯР, Д.ЭРДЭНЭСУВД НАР “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2022.01.26
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол улсын анхны мянгат малчин, XX зууны Манлай малчин “Алтан” хэмээх Д.Мажиг гуайгаас эхлээд Цэнхэрийн гол, цэцэгт нугаас төрсөн аварга сайн малчид олон бий. Тэдний үргэлжлэл болж Цөөвөр хэмээх төмөр Үхэр жил Нугаар багийн Иш...

Монгол улсын анхны мянгат малчин, XX зууны Манлай малчин “Алтан” хэмээх Д.Мажиг гуайгаас эхлээд Цэнхэрийн гол, цэцэгт нугаас төрсөн аварга сайн малчид олон бий. Тэдний үргэлжлэл болж Цөөвөр хэмээх төмөр Үхэр жил Нугаар багийн Ишцэрэнгийн Цолмонбаяр, Даржаагийн Эрдэнэсувд нар “Аймгийн аварга малчин”-аар шалгарч, өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав малчны хотонд хүрч шагналыг нь гардуулан өглөө.

Ишцэрэнгийн Цолмонбаяр 1990 онд сумандаа ЕБС-ийн 8-р анги төгсөж, улмаар 1993 онд эхнэр Д.Эрдэнэсувдтайгаа гэр бүл болсноор өрх тусгаарлан төдийгөөс өдий хүртэл 30 жил мал маллан иржээ. Улс орон зах зээлийн нийгэмд шилжиж, айл өрх картын бараанд дугаарлаж, залуус ганзагын наймаа руу хошуурч байхад эцгийнхээ захиасаар таван эрдэнэ болсон мал сүргээ өсгөжээ. Үүнчлэн өөрийн унаган адуугаа цэцэгт нугынхаа шимт өвс, цэнхэрийн голынхоо усаар ундалж, уяж сойсноор уяачийн эрдэм тодорч, сум орон нутгийнхаа сайн уяачдын тоонд нэрлэгдэж байна.Аварга сайн малчдыг шалгаруулахдаа сүүлийн гурван жилийн амжилт, төл мал авсан байдал, туслах малчин малжуулсан, малчны нийгмийн хариуцлага, өвс тэжээл бэлдсэн, малаа даатгуулсан, малын үүлдэрлэг байдал, ашиг шим зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг ном журмын дагуу тавьж шалгаруулдаг уламжлалтай.

И.Цолмонбаярынх 2000 гаран мал тоолуулсан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд цөөн малтай болон огт малгүй 2 өрхийг 200 шахам малаар малжуулжээ. Намартаа 20-30 тонн байгалийн хадлан, 1-2 тонн гар тэжээл бэлтгэж, говиос 5-6 тонн хужир шүү татан малаа ундалдаг аж. Мал угаалга, тарилгад тогтмол хамрагдаж, даатгалд малаа тогтмол даатгуулдаг байна.

И.Цолмонбаярын хөдөлмөрийг төр засгаас үнэлж, 2002 онд Сумын сайн малчин, 2016 онд Уяачийн алдар одон, Сумын алдарт уяач цол тэмдэг, 2018 онд Алтан гадас одон, 2019 онд Мянгат малчин цол тэмдгээр шагнажээ.

Таван эрдэнэ болсон мал сүргээ өсгөж, малчин хэмээх мянган мэргэжлийн эзэн нь болж яваа аймгийн аваргууддаа баяр хүргэе.