ЦЭНХЭРМАНДАЛ СУМЫН СОГООТ БАГИЙН АЛТАНГЭРЭЛИЙН ЮМДОРЖ, БАЛДАНГИЙН АМАРЗАЯА НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2022.01.26
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, XVII жарны цөөвөр хэмээх төмөр үхэр жилдээ бусдыгаа хошуучлан аймгийн аварга малчин өрх, аймгийн аварга саальчинаар шалгарсан сайчууддаа шагналыг нь гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эх...

Мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, XVII жарны цөөвөр хэмээх төмөр үхэр жилдээ бусдыгаа хошуучлан аймгийн аварга малчин өрх, аймгийн аварга саальчинаар шалгарсан сайчууддаа шагналыг нь гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэн явагдаж эхэллээ.Хэнтий аймаг 2018 оноос эхлэн аймгийн аварга малчнаа шалгаруулахдаа малчин өрхөөр шалгаруулж, аварга малчдын хөдөлмөр зүтгэлийн тэн хагасыг нугалдаг малчин эзэгтэйг мөн аваргаар шалгаруулж ирсэн нь өдгөө улсын хэмжээнд сайн туршлага болж, МУ-ын Засгийн газраас малчдаа шалгаруулахдаа “Улсын аварга малчин өрх”-өөр шалгаруулдаг уламжлал тогтжээ.

Хэнтий аймгийн удирдлагууд таван хэсэгт хуваагдан Аварга малчиддаа шагналыг нь гардуулж байгаа бөгөөд Ковид-19 цар тахлын өвчлөлөөс шалтгаалан цөөн бүрэлдэхүүнтэй, халдвар хамгааллын дэглэм баримтлан шагналыг гардуулж байна.Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ нар Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Алтангэрэлийн Юмдорж, Балдангийн Амарзаяа нарт “Аймгийн аварга малчин”-ы үнэмлэх тэмдгийг нь гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Хөдөлмөр зүтгэлээрээ аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан А.Юмдорж гуай 1970 онд цэргийн алба хааснаасаа хойш тасралтгүй 50 гаруй жил нутагтаа мал маллаж малаа төрөл бүр дээр нь өсгөж, үр хүүхдүүддээ малчин заяаг өвлүүлсэн байна.

Тухайлбал, эдний охин Ю.Болормаа аймгийн аварга малчин, охин Ю.Цэнгэлзаяа мянгат малчин, охин Ю.Цолмон нь гэр бүлийн хамт 2019 оноос малчин болж, мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.А.Юмдорж гуайнх өдгөө бог бод нийлсэн 2000 гаруй малтай. Өнгөрсөн онд огт малгүй хоёр өрхийг 200 шахам малаар малжуулсан төдийгүй өөрсдийн хүчээр өвөлжөө хаваржаагаа тохижуулж, туслах малчид, хүүхдүүдтэйгээ жил бүр 60-80 тонн байгалийн хадлан, 1-2 тонн гар тэжээл, хүчит тэжээл бэлтгэж, 12-16 тонн хужир шүү татан авдаг байна.

Мөн оршин суугаа багтаа амьдрах ая тухтай орон сууц барьсан нь нутагтаа үлгэр дуурайл болж буйг багийн Засаг дарга нь хэллээ.А.Юмдорж гуай сум орон нутгаас зохион байгуулж буй ажилд идэвхийлэн оролцож, мал сүргээ тогтмол өсгөж, ашиг шимийг өсгөн ажилласныг төр засгаас үнэлж 1983 онд Сумын аварга хадланч, V, VI таван жилийн гавшгайч, 2013 онд Мянгат малчин, 2015 онд Сумын сайн малчин, Хөдөлмөрийн хүндэт медаль, 2018 онд Алтан гадас одонгоор тус тус шагнасан байна.

Эцэг өвгөдөөсөө малчин заяаг өвлөж, буянт сүргээ өсгөн үржүүлж, бусдад малч аргаа үлгэрлэн яваа А.Юмдорж гуайг Цэнхэрмандалынхан андахгүй. Хэзээний малч, хэрсүү тулхтай малчдын тоонд зүй ёсоор нэрлэгдэх түүний бүтээсэн замнал бахархалтай.

Хүртэх ёстой хүндэтгэлээ хэдий хожимдож авч байгаа ч, хээгүй гүндүүгүй зан ааль, малч холч ухаан нь нутаг нугаасаа давж, хүн зоныхоо хүндэтгэлийг хэдийнээ авсан буй заа.