УДАМ ДАГАСАН СААЛЬЧИН Н.НЭРГҮЙБААТАР “АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН” БОЛЛОО

2022.01.26
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
1990-н оноос тасалдаад байсан “Аварга саальчин” шагналыг 2017 оноос сэргээн олгож эхэлсэн нь малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх, уламжлалт зан заншлаа сэргээх, сүү цагаан идээ боловсруулах, цагаан идээний соёл, хэр...

1990-н оноос тасалдаад байсан “Аварга саальчин” шагналыг 2017 оноос сэргээн олгож эхэлсэн нь малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх, уламжлалт зан заншлаа сэргээх, сүү цагаан идээ боловсруулах, цагаан идээний соёл, хэрэглээг түгээн дэлгэрүүлэх томоохон бодлогын шийдвэр болсныг санууштай.

Тиймдээ ч улс, аймаг, сумын аварга саальчидаа энэ цагт шалгаруулж байна.“Аймгийн аварга саальчин” алдрыг хүртэж буй эрхэм бол Цэнхэрмандал сумын Хужхан багийн малчин Нэргүйн Нэргүйбаатар билээ. Түүний нөхрийг Б.Амаржаргал гэдэг. Айл гэр болоод 23 жил мал маллаж байгаа бөгөөд гурван хүүхэд төрүүлж өсгөжээ. Эднийх бод зонхилсон мянга гаруй малтай бөгөөд төллөсөн хээлтэгч бүрийг саалинд бүрэн хамруулдаг байна.

Шинэ аварга Н.Нэргүйбаатар удамт саальчин юм. Түүний ээж Улсын аварга саальчин Ц.Бадамсүрэн, аймгийн аварга саальчин эгч Б.Энхтуяа нарынхаа залгамж болж, мал сүргээ өсгөн, ашиг шимийн гарцыг нэмэгдүүлж, төллөсөн эх мал нэг бүрийг саалинд хамруулж, тараг, ааруул, цагаан идээ бэлтгэж Цэнхэрмандал сум болон Улаанбаатар хотын Багануур дүүрэгт борлуулж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна.

Эдний хүү А.Даваасүрэн нь ХААИС-ийг төгсөж, төрөлх сумандаа малчин болж, аав ээжийнхээ залгамж залуу малчин болсон хот айлаараа баяртай байна. Залуу малчдын залгамж алдагдах, туслах малчин тогтвор суурьшилгүй байх зэрэг малчдад тулгамдсан асуудал бишгүй бий. Эднийх өвөлд бэлтгэн туслах малчидтайгаа нийлж нэг жилд 50-60 тонн хадлан, 2 тонн гар тэжээл, 10-15 тонн хүчит тэжээл бэлтгэж, 5-6 тонн хужир шүү татан авдаг байна.

Н.Нэргүйбаатарын хөдөлмөрийг үнэлж, 2018 онд Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”, 2021 онд “Сумын аварга саальчин” цол тэмдгээр шагнажээ.