МЭНДЧИЛГЭЭ

2021.12.05
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өндөр дээд хаадаас авшигтай, өнө эртний түүхт нутгийн зон олон, Хэнтий аймгийнхаа баялаг бүтээгч, бизнес эрхлэгчид, худалдаа, үйлчилгээний салбарын үе үеийн ахмадууд, ажиллагсад та бүхэнд Монгол Улсад Худалдааны салбар үүсч хөгж...

Өндөр дээд хаадаас авшигтай, өнө эртний түүхт нутгийн зон олон, Хэнтий аймгийнхаа баялаг бүтээгч, бизнес эрхлэгчид, худалдаа, үйлчилгээний салбарын үе үеийн ахмадууд, ажиллагсад та бүхэнд Монгол Улсад Худалдааны салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Түүх сөхвөл Ардын засгийн анхны жилүүдэд манай улс нэг ч үйлдвэргүй, амиа аргацаасан мал аж ахуйтай эдийн засгийн хүнд нөхцөлд байсан бөгөөд Монголын зах зээлд Хятадын 470, Оросын 4, Английн 7, Америкийн 5, Германы 1, нийт 524 пүүс хоршоо, олон мянган хувийн худалдаачид байсан. Ийнхүү үндэсний худалдаа харилцаа хөгжих бололцоо хаагдмал байсан учир 1913-1914 оны үед Хиагтын худалдааны Монгол иргэдийн хэргийг түр захиран шийтгэж түшмэлээр ажиллаж байсан Зайсан Цэдэвсүрэн гүнтэн лам Д.Чагдаржав, Лувсангомбо нарыг 20 орчим тэмээн хөсөгтэйгээр Орос Англи, Итал орон руу дэлхийн худалдааны хөгжлийн туршлага судлуулахаар явуулсан түүх байдаг.

Үүний үр дүнд Ардын харилцан туслалцах хоршоог 1921 оны 12 дугаар сарын 16-нд 116 гишүүнтэй, 8300 янчааны хувь хөрөнгөтэй байгуулснаар Монгол оронд үндэсний худалдааны суурь тавигдсан түүхтэй.

Эдүгээ Хан Хэнтий нутгийн худалдаа, үйлчилгээний салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд салбарын ололт амжилт, эдийн засаг, аймаг орон нутгийн хөгжилд үзүүлж байгаа үр дүн нь худалдааны үүргийг гүйцэтгэж ирсэн үе үеийн худалдаа эрхлэгчид, худалдаачид, энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн хэвшлийн олон жилийн хөдөлмөрийн үр шим гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Бидний зүгээс баялаг бүтээгчдээ дэмжин хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, аймаг орон нутгийн болоод гадаад дотоодод зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн худалдаанд оролцуулах зэргээр хамтран ажилласаар ирсэн.

Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас төлөвлөсөн арга хэмжээнүүд хойшилж байгаа ч удахгүй сайхан цаг ирнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэнд сайн сайхныг хүсэн, хүн амыг хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүнээр нь хангах соёлтой, хөнгөн шуурхай, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэх эрхэм үйлсдээ арвин их амжилтаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүндэтгэсэн: ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ