УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТ: “МОНГОЛ УЛС, ХАН ХЭНТИЙ НУТГИЙНХАА ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙН ТӨЛӨӨ ХИЧЭЭНГҮЙЛЭН АЖИЛЛАНА”

2021.10.21
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд УИХ-ын 18 тойргийн нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон, нутгийн хүү, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат тангараг өргөснөөр түүний бүрэн эрх баталгаажсан юм. Тэрбээр “Монгол Улсын Их Х...

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд УИХ-ын 18 тойргийн нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон, нутгийн хүү, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат тангараг өргөснөөр түүний бүрэн эрх баталгаажсан юм.

Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая.

Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараглалаа.

УИХ-ын 18 дугаар тойрогт болсон нөхөн сонгуулиар Монгол Ардын Намын нэр дэвшигч, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нийт сонгогчдын 73,03 хувь буюу 17264 санал авсан юм.

Тэрбээр өнөөдөр Хан Хэнтийчүүддээ хандаж “ - Хан Хэнтий нутгийн зон олон та бүхнийхээ итгэлийг хүлээж Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хуралд түмэн олныхоо элч төлөөлөгч болж, Төрийн сүлдэд мэхийн ёсолж, төрийн далбаанаасаа адис авч Улсын Их Хурлын гишүүний тангаргаа өргөлөө.

Миний бие улс эх орныхоо язгуур эрх ашгийг дээдэлж, Монгол улс, Хан Хэнтий аймгийнхаа хөгжил цэцэглэлт, хүн ардынхаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлье.

Үүнчлэн Улсын Их Хурлын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдтэйгээ хамтран ажиллаж, Хан Хэнтий нутагтаа түүхэн аялал жуулчлалыг жишиг болгон хөгжүүлж, ард иргэддээ дэвшүүлсэн Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр, ард иргэдийнхээ санаачилгаар бүтсэн “Хэтийн Хэнтий-2024” бодлогын баримт бичгийг бодит ажил хэрэг болгохын төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллах болно. Монгол улс, Хан Хэнтий нутаг маань цэцэглэн хөгжих болтугай” хэмээсэн юм.