ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2021.10.13
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын нөөц сангаас 31,8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, ЭМ-ийн салбарт нэн шаардлагатай байсан Хүчилтөрөгчийн монитор 5, Хүчилт...

Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын нөөц сангаас 31,8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, ЭМ-ийн салбарт нэн шаардлагатай байсан Хүчилтөрөгчийн монитор 5, Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 5, хүчилтөрөгчийн 40 л баллон 15 ширхэг болон бусад дагалдах хэрэгсэл, тэдгээрийг тээвэрлэж ирэх шатахууны зардлыг тус тус шийдвэрлэлээ.

Ингэснээр хүчилтөрөгчийн дутагдалд орж, амьсгалахад хүндрэлтэй байгаа өвчтөнүүдийг урт хугацаагаар хүчилтөрөгчөөр хангах боломжтой болж байгаа.

Мөн аймгийн Засаг даргын зүгээс эрүүл мэндийн эмч, ажилтнуудыг чадвахжуулах зорилгоор АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийн захирал, Монгол Улсын Төрийн шагналт, Гавъяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага болон бусад эрдэмтэн докторуудыг оролцуулсан цахим сургалтыг тун удахгүй зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Манай аймгийн хувьд ковид19 цар тахлын эсрэг хийгдэж буй вакцины эхний тунд 92%, 2 дугаар тунд 88,7%, 3 дахь тун буюу дархлаа сэргээх тунд 55 наснаас дээш насныхны 64,9 хувь нь тус тус хамрагдсан байна.

Харин өчигдөр буюу 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 55-аас доош насныханд 3 дахь тунг хийж эхэлсэн юм. Гурав дахь тун нь иргэдийн амь насаа алдах эрсдэлийг өндөр хувиар бууруулж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.

Тиймээс иргэд та бүхэн өөрийн сум, багийн эрүүл мэндийн байгууллагуудад хийгдэж буй 3 дахь тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.