ДЭД БҮТЦИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2021.09.28
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав болон ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар дэд бүтцийн зөвлөлийг хуралдуулж, шаардлагатай үүрэг чиглэлийг өглөө. Тус хуралд ГХБХБГ, Хэнтий ус, Цахилгаан түгээх сүлжээ салбар, СТСХ...

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав болон ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар дэд бүтцийн зөвлөлийг хуралдуулж, шаардлагатай үүрэг чиглэлийг өглөө.

Тус хуралд ГХБХБГ, Хэнтий ус, Цахилгаан түгээх сүлжээ салбар, СТСХ, Орон нутгийн өмчийн газрын удирдлагууд болон Өмнөдэлгэр сумын цэвэр усны шугам, Баямөнх сумын цэвэрлэх байгууламжийн ажлыг гүйцэтгэж буй “Хангайн илч дулаан” компани, Баянхутаг сумын дотуур байрны гүйцэтгэгч “Ман гал констракшин, Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн гүйцэтгэгч “Их даян бүүвэй”, Өмнөдэлгэр сумын сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэгч “Өндөр баганат”, Мөрөн сумын цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэгч “Баялаг хурх”, Жаргалтхаан сумын цэцэрлэгийн ажлыг гүйцэтгэсэн “Мөнх хутагт”, БОАЖГ-ын барилгын гүйцэтгэгч “Солор мэд” гэсэн компаний төлөөллүүдийг оролцуулж, ажлын явцтай нь танилцлаа.

Энэ үеэр барилгын компаниудын хувьд тулгамдаад байгаа асуудлыг харилцан ярилцаж, шийдвэрлэсэн бөгөөд аймгийн удирдлагуудын зүгээс удаашралтай байгаа барилгын ажлуудыг шуурхайлах, энэ оны үе шатны хуваарьт ажлаа шуурхай гүйцэтгэх, хөрөнгөө татуулахгүй байх арга хэмжээг даруйхан авах, хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан цутгалт болон шаардлагатай ажлуудаа хурдан гүйцэтгэх гэсэн үүрэг чиглэл өглөө.

Мөн ГХБХБГ-т захиалагчийн хяналтыг сайжруулах, мэдээ тайланг цаг хугацаанд нь ирүүлж байх, ОНӨГ-т үлдсэн 5 ажлын тендерийг шуурхай зарлах чиглэлийг өглөө.

Цаашид 7 хоног бүр дэд бүтцийн зөвлөлийг хуралдуулж, ажил нь удаашралтай байгаа компаний удирдлагуудыг дуудаж ажлыг шуурхайлах арга хэмжээ авахаар болжээ.