ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖ, ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ТОГТВОРЖУУЛНА

2021.09.21
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга өнөөдөр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -419 дүгээр нээлттэй хорих ангийн тоосгоны үйлдвэрт очиж ажиллалаа. Тэрбээр барилгын бүтээц, материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтуудыг “Хэтийн Хэ...

Аймгийн Засаг дарга өнөөдөр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -419 дүгээр нээлттэй хорих ангийн тоосгоны үйлдвэрт очиж ажиллалаа. Тэрбээр барилгын бүтээц, материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтуудыг “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан.

Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн уг тоосгоны үйлдвэрт тулгамдсан асуудлын талаар судалж эхлээд байсан юм.Уг нь үйлдвэр нь 45 км-ээс түүхий эдээ татдаг, тоосгоны эрэлтээс шалтгаалаад 6 жилийн өмнөөс хаалга барьсан юм.

Тэгвэл Хэнтий аймаг цэвэрлэх байгууламжтай болж, газар доорх төв коллектор, шугамын шинэчлэлүүдийг үе шаттай хийсэн, орон нутаг өөрийн хөрөнгөөрөө Орон сууц барьж эхэлсэн, Чингис хотын гэр хорооллыг инженерийн шугамд холбох болсон, нөгөөтээгүүр зах зээлийн эрэлт харьцангуй сайжирсан ч орон сууцны барилгын бүтээцээс шалтгаалж үнэ өссөн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж, тус үйлдвэрийг ашиглалтад оруулах болсноо аймгийн Засаг дарга мэдэгдлээ.

Ингэхдээ, тоосгоны түүхий эд болох шаврыг Баянхутаг сумаас биш, Нисэхийн баруун талд байрлах “Гүн нуур”-ын шаврын ордоос татаж эдийн засгийн хэмнэлт хийх, тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хэвийн ашиглалтад оруулах, шаврын ордын хөрс хуулалтын ажилд зарцуулах 500 орчим сая төгрөгийг улсын төсвийн төсөвт тусгуулж шийдвэрлэхээ илэрхийллээ. Үйлдвэр хэвийн ажиллахад хоногт 15 мянган тоосго гаргах хүчин чадалтай бөгөөд эргээд орон нутгийн эдийн засаг, айл өрх, аж ахуйн нэгжээ хямд үнэтэй тоосгоор хангах, цаашид бүсийн аймгуудаа хангах ач холбогдолтой гэж үзэж байна.

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Д.Хатанбаатар үйлдвэр ажиллаад эхэлбэл, Хэнтий аймгаа төдийгүй, зүүн гурван аймгаа тоосгоор хангах боломжтой болно. Хорих ангийн хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, ажлын байртай болгох, нийгэмд учруулсан хохирлоо нөхөн төлөх болно гэв.

Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 419 дүгээр ангиас даацын тоосгыг 45 км-ийн зайнаас буюу Баянхутаг сумаас авчирсан цэвэр байгалийн хөх шавраар хийдэг аж. Тоосго үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг 1967 онд Болгар улсаас авчран, 1968 оноос үйлдвэрлэлээ эхэлжээ.

Зах зээлийн эдийн засгийн хямралын үед уг үйлдвэр 10 гаруй жил ажиллаагүй байсныг 2008 онд хурандаа М.Алтан-Очир дахин ашиглалтад оруулж, хэвийн ажиллагаатай үйлдвэрлэлээ явуулж байгаад 2015 онд бүтээгдэхүүний урсгал зардал, зах зээлийн эрэлтээс шалтгаалан зогссон байна.

Тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн элэгдэл, олон төрлийн механик үйлдлийг хөнгөвчлөх зорилгоор 2014 онд улсын төсвөөс БНХАУ-ын 82 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийжээ. Уг үйлдвэрт 80 хүн ажиллах бөгөөд жилдээ сая гаруй тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай.

Улирлын чанартай энэ үйлдвэрлэлийн шатаалт 11 сар хүртэл явагддаг гэнэ.