АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ИЖ БҮРЭН ХОДООДНЫ ОНОШИЛГООНЫ ДУРАНГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

2021.09.13
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл мэндийн байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр үе шаттай хангана” гэж тусгасан байдаг. Үүний хүрээнд өнөөдөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр аймгийн нэгдсэн...

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл мэндийн байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр үе шаттай хангана” гэж тусгасан байдаг.

Үүний хүрээнд өнөөдөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр аймгийн нэгдсэн эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн загварын ходоодны оношилгооны дурангийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, АХБ-ны Монгол Улс дахь Дэд Суурин төлөөлөгч Деклан Магий, ЭМЯ-ны Төрийн нарийн бичиг Ц.Эрдэмбилэг, аймгийн удирдлага болон ЭМБ-ийн төлөөллүүд оролцлоо.

Аймгийн хэмжээнд хорт хавдрын өвчлөлийн 3 дугаарт ходоодны хорт хавдар, бусад өвчлөлийн 3 дугаарт хоол боловсруулах эрхтэн тогтолцооны буюу ходоодны шархлаа өвчин эзэлдэг.

Тиймээс энэ төрлийн өвчлөлийг эрт илрүүлэх, оношилход тус тоног төхөөрөмж нь нэн чухал шаардлагатай бөгөөд иргэд УБ хотруу 3 дахь шатлалын эмнэлгийг зорих шаардлагагүй болж орон нутагтаа оношлогдох, эмчлэгдэх бүрэн боломжтой болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Өмнө нь Азийн хөгжлийн банкнаас 4,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” төслийг Хэнтий аймагт 2 удаа хэрэгжүүлсэн юм.

Төслийн үр дүнд цусны салбар төвийн үйл ажиллагааг явуулах стандартын өрөө болон тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангасан тул сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний нэгж төрөл, нөөц нэмэгдэж, хадгалалтын хугацаа 5 жилээр уртасч, аюулгүй байдлыг бэхжүүлэх, гамшгийн үеийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэн ажиллах боломжийг бий болжээ.Мөн ариутгалын тасгийг зориулалтын тоног төхөөрөмжөөр хангагдсанаар эмнэлгийн ажилчдын гар ажиллагаа бүхий ажлын ачаалал буурч, багажны эдэлгээ уртассан ба хамгийн гол нь ажилчид ажлын байрандаа халдвар авах эрсдлийг бууруулжээ.

Түүнчлэн нян судлалын лаборатори нь иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсаны үр дүнд нян тодорхойлох, антибиотикийн мэдрэг чанар үзэх, илрүүлэх шинжилгээний төрөл, тоо хэмжээ нэмэгдэж, шинжилгээг богино хугацаанд чанартай хийж өгснөөр үйлчлүүлэгчдэд зөв эмчилгээг цаг алдалгүй сонгон, эмийн зохистой хэрэглээг хангаж ажиллах нөхцөл бүрдсэн байна. Мөн аймгийн төрөх эмнэлгийн байр, сумдад эрүүл мэндийн төвийн барилгуудыг барьж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаснаар эрүүл мэндийн салбарыг хөгжлийн шат ахиулж, бусад орны эрүүл мэндийн салбартай мөр зэрэгцэн хөгжих боломжийг бүрдүүлжээ.