ХЭНТИЙ АЙМГИЙН ДАДАЛ СУМАНД УС, ЦАГ УУРЫН САЛБАР ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2021.09.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Их эзэн Богд Чингис хааны тоонот нутаг, Хэнтий аймгийн Дадал суманд Ус, цаг уурын салбар үүсэж, хөгжсөний түүхт 60 жилийн ой энэ жил тохиож байна. Үүл ажиглаж, чийг температур хэмжиж, үзэгдэл бүрийг тэмдэглэж, цаг тутам тоон мэд...

Их эзэн Богд Чингис хааны тоонот нутаг, Хэнтий аймгийн Дадал суманд Ус, цаг уурын салбар үүсэж, хөгжсөний түүхт 60 жилийн ой энэ жил тохиож байна. Үүл ажиглаж, чийг температур хэмжиж, үзэгдэл бүрийг тэмдэглэж, цаг тутам тоон мэдээ дамжуулж, цаас ширтэж, тооцоо боддог ажилтай ус, цаг уурчдыг “Тэнгэр лусын харуул” хэмээн нэрлэдэг.

Тус өртөөний хамт олон түүхэн жилүүдэд үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэж, 1966 онд социалист уралдаанд тэргүүн байр, салбарын хэмжээнд улсад 2 удаа, аймагтаа 20 гаруй удаа тэргүүлсэн амжилттай ойгоо тэмдэглэж байна.

Хэнтий аймгийн Дадал сумын Ус, цаг уурын өртөөний түүхт ойг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хүндэтгэлийн мэндчилгээ илгээж, ажил үйлсээрээ үлгэрлэж, амжилт бүтээлээрээ тэргүүлэн, цаг уурын албанд 17 жил ажилласан, өртөөний техникч О.Бурмааг “Салбарын тэргүүний ажилтан”, өртөөний техникч Ж.Оюунтунгалагийг яамны Жуух бичгээр, Балж-Дадал усны харуул Б.Баатархүүг УЦУОШГ-ын Жуух бичгээр шагнагдсаныг хүргүүлж, хөдөлмөрийн алдрыг нь тэмдэглэж буй ахмад ажилтан Ц.Цэцэгмаад хүндэтгэл үзүүлснийг тус өртөөний дарга О.Балжмаа онцлоод, Хэнтий аймгийн Ус, цаг уурын хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Мөн энэ үеэр байгаль хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа ажилтан, албан хаагчдын өдөр тутмын техник хэрэглэлийг сайжруулах хүрээнд салбар яамнаас олгосон мотоциклоо гардан авсан байна. Байгаль орчныг хамгаалах, ард иргэдийг цаг уурын мэдээллээр хангах үйлсэд чин сэтгэлээ зориулан ажиллаж байгаа Дадал сумын Ус, цаг уурын өртөөний нийт хамт олонд түүхт ойн мэнд дэвшүүлж, өндөр амжилт хүсье.