БИНДЭР СУМЫН 209 МЕТР УРТТАЙ ТӨМӨР БЕТОН ГҮҮРИЙГ УЛСЫН КОМИСС АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

2021.08.25
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Биндэр сумаас урагш 5 км Онон гол дээр улсын төсвийн 6,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 209 метр урттай төмөр бетон гүүр, гүүрнийхээ хоёр тал руу нийтдээ 600 метр хатуу хучилттай замын хамт барих төслийг “Ган гүүр” ХХК өнгөрсөн ...

Биндэр сумаас урагш 5 км Онон гол дээр улсын төсвийн 6,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 209 метр урттай төмөр бетон гүүр, гүүрнийхээ хоёр тал руу нийтдээ 600 метр хатуу хучилттай замын хамт барих төслийг “Ган гүүр” ХХК өнгөрсөн оны 6 дугаар сараас гүйцэтгэж эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Загдраднаа, орон нутгаас аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжаваар ахлуулсан улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авлаа.

Шинэ гүүрний нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нарын тэргүүтэй албаныхан, нутгийн удирдлагууд, ард иргэд хүрэлцэн ирлээ. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монгол улсын 446 дахь төмөр бетон гүүр болсныг онцолж нийт 25180 метр урт болсныг хэлж цаашид түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжихөд чухал түлхэц болохыг дуулгалаа.

Харин Монгол Улсын зөвлөх инженер, “Ган гүүр” ХХК-ийн дэд захирал, Ерөнхий инженер, Хөдөлмөрийн баатар Н.Лхагвадорж гүүрийн барилгын ажлын гүйцэтгэхэд 6 сарын хугацаа орсон, 100 жилийн настай гүүр боллоо гэв. Аймгийн Засаг дарга Гутайн давааг улсын тусгай хамгаалалтад авсан, цаашид байгаль орчноо хамгаалахад хүч хавсарч байж түүхэн аялал жуулчлал хөгжинө, Өмнөдэлгэр-Биндэр чиглэлийн авто замын трасс гаргах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас хийж байгааг хэллээ.

Онон голоор цагийн хязгаарлалттай тээврийн хөдөлгөөнийг бирваазаар нэвтрүүлж байсан бол эдийн засаг, цаг хугацааны хувьд ихээхэн дэвшил гарсныг нутгийн иргэд онцолж, 1996 оноос хойш Онон голоор гүүр бариулах саналыг Биндэрчүүд тавьж ирсэн. Голынхоо зүүн талд 400 гаруй өрхийн 1500 хүн амьдардаг. Нутгийн ард түмний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэнд талархаж буйгаа сумын Засаг дарга мэдэгдлээ.