“БҮСИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХОЁРДОГЧ ТӨВ”-ИЙГ БАЙГУУЛАХ АСУУДЛААР ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА

2021.08.18
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ төвийн ашиглалтын бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүн хүрэлцэн ирж, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Хэрлэн сумын Засаг дарга ...

Өнөөдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ төвийн ашиглалтын бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүн хүрэлцэн ирж, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Нисэх буудлын дарга Т.Цэрэндондов нарын албаныхантай уулзалт хийлээ.

Ажлын хэсгийн дарга Г.Бат Иргэний нисэхий үндэсний төвөөс Үндэсний агаарын навигацийг хөгжүүлэх, төлөвлөгөөний хүрээнд боловсруулсан “Бүсийн нислэгийн хөдөлгөөний хоёрдогч төв”-ийг байгуулах урьдчилсан судалгаа, уг төвийг байгуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төсөл болон холбогдох шаардлагуудыг харгалзан бүсийн нислэгийн хөдөлгөөний хоёрдогч төвийг байгуулах боломжит байрлалыг тодорхойлох, тухайн хотын ерөнхий төлөвлөлттэй уялдуулах, шаардлагатай газрын асуудлыг шийдвэрлэх, төслийг амжилттай хэрэгжүүлэх талаар аймгийн удирдлагуудтай зөвшилцлөө.

Мөн Бүсийн нислэгийн хөдөлгөөний хоёр дахь төв байгуулах төсөл танилцуулж, аймгуудын өрсөлдөх чадвар, газар хөдлөлтийн түвшинг үндэслэн үндэслэн урьдчилсан судалгаа гаргаж, 8 аймагт төслөө хэрэгжүүлэх боломжтойг дуулгаж, Сайншанд, Чойбалсан, Дархан хотын дараа буюу Чингис хотод дөрөвдүгээр эрэмбэлэгдсэн талаар мэдээлэв. Энэ нь улсаас авч буй төсөв, түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж байгаа, дэд бүтэц, харилцаа холбоо зэрэг өрсөлдөх чадварын индексийг үндэслэж буйг мөн дуулгалаа.“Бүсийн нислэгийн хөдөлгөөний хоёрдогч төв”-ийг байгуулснаар орон нутагт 100 гаруй ажлын байр шинээр нэмэгдэх бөгөөд, нислэгийн төвийн газарт спорт цогцолбор, 100 айлын орон сууц, цэвэрлэх байгууламж, цахилгааны дэд өртөө, хүүхдийн цэцэрлэг, Дулааны станц, цэцэрлэгт хүрээлэн, шалган нэвтрүүлэх байр зэрэг иж бүрэн нислэгийн хөдөлгөөний байгууламж, ажилчдын амьдрах байр орчныг хамт шийдвэрлэсэн цогц байгууламж босно, урьдчилсан тооцоогоор 90 тэрбум төгрөгийн өртөгтэй талаар ажлын хэсгийн удирдагч Г.Бат мэдэгдлээ.

Уг төсөл МУ-ын Засгийн газрын түвшинд хэлэлцэгдэж дэмжигдвэл сонгогдсон аймагт барилга угсралт урт хугацаанд /3 жил/ хэрэгжих бөгөөд Иргэний нисэхийн үндэсний төвийн зүгээс Урьдчилсан ТЭЗҮ-ийн төсвийг ирэх оны төсөвт өргөн барьсан аж.

Хэрвээ төсөл хэрэгжвэл орон нутгаас хүний нөөцөө бэлтгэх, залуусыг ажилд авч, нислэгийн удирдагчаар 3-5 жилийн хугацаанд сургах боломжтой талаар эх сурвалж дурдлаа.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч аймаг орон нутгаас дэмжин ажиллахаа илэрхийлж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.