СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2021.08.14
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан Соёлын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна. Тэд нэгдүгээрт МУ-ын Засгийн газрын 2021.06.16-ны өдрийн 168 тогтоолоор орон нутагт соёлы...

Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан Соёлын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна.

Тэд нэгдүгээрт МУ-ын Засгийн газрын 2021.06.16-ны өдрийн 168 тогтоолоор орон нутагт соёлын яамны нэгжтэй болж байгаатай холбогдуулан ажиллах, хоёрдугаарт улсын хэмжээнд тус яаманд харьяалагдах соёлын салбарын удаашралтай таван байгууламжийн нэг болох Хан Хэнтий чуулгын барилга угсралтын ажлын тулгамдаж буй асуудал, нөхцөл байдал, ажлыг хэрхэн шуурхай шийдвэрлэх талаар газар дээр нь танилцаж, орон нутгийн удирдлагуудын санал, барилгыг гүйцэтгэгч талуудыг байлцуулан ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн С.Хэрлэн, барилгын инженер Д.Батчимэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Ж.Жаргал, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Оюунтунгалаг, Барилга хөгжлийн төвийн инженер н.Мөнхболд, Хан Хэнтий чуулгын барилгын туслан гүйцэтгэгч “Сеттимо” ХХК, зураг зохиогч “Аксиом” ХХК-ийн төлөөллүүд хүрэлцэн ирлээ.

Соёлын дэд сайд аймгийн Засаг дарга соёл, урлагийн салбарын төлөөллүүдэд Соёлын яам байгуулагдсанаас хойших хийж хэрэгжүүлсэн ажил, соёлын талаар авч хэрэгжүүлсэн бодлого, стратегийн 9 зорилтоор дэвшүүлсэн ажлаа танилцууллаа. Жил гарны хугацаанд соёлын яам бүрэлдэхийн зэрэгцээ УИХ-аар батлуулсан гол эрх зүйн баримт бичиг болох Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Музейн тухай, Кино урлагийг дэмжих тухай хуулиудын ойлголт, МУ-ын Засгийн газрын 2021.06.16-ны өдрийн 168 тогтоолоор орон нутагт нэгжтэй болж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Энэ 2021 оны 9 дүгээр сарын нэгнээс эхлэн орон нутагт 4-8 хүний бүрэлдэхүүнтэй Соёлын хэлтэс, 2022 он гарснаар Соёлын тухай хуулийнхаа дагуу Соёлын газар бол өргөжиж, 12-16 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулна.

Хуучин аймаг орон нутагт соёл хариуцсан ганц мэргэжилтэн байсан. Тэгвэл нэгж байгуулагдсанаар Монгол төрөөс соёлын талаар хэрэгжүүлж байгаа бодлого орон нутагт чанар хүртээмжтэй хүрч ард иргэдээ соён гэгээрүүлж байгаа ажилд онцгой анхаарна гэж Соёлын дэд сайд М.Батбаяр мэдээлэв.

Үүнчлэн тэрбээр Соёлын хэлтэстэй болж буйтай холбогдуулан суурин болон зөөврийн компьютер, хэвлэгчийн хамт, Өмнөдэлгэр сумын Соёлын төвд 19,9 төгрөгийн 6 төрлийн тоног төхөөрөмж хүлээн авах батламжийн хамт аймгийн Засаг даргад гардууллаа.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнгөрсөн жил бүх сумдад хүрч соёлын салбарынхантай ажилласан байдал, тэдэнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлснээс гадна Хэнтий аймгийн “шүдний өвчин” болсон Хан Хэнтий чуулгын барилгатай холбоотой асуудлыг орон нутгаас захиалагчийн хяналт тавьж буй холбогдох мэргэжилтнүүдийн хамт дэлгэрэнгүй мэдээлэв.

Тэд яг одоо тус барилгын гүйцэтгэлтэй газар дээр нь хүрэлцэн очиж хяналт хийж байна. Урьдчилан хэлэлцсэнээр талууд барилгын гүйцэтгэгч “Макс майнд” компанитай шүүхийн маргаан эцэслэгдтэл барилгын гүйцэтгэлд дахин дүгнэлт хийх, нэгдсэн саналд хүрэх, 2022 онд барилгын төсвийн үлдэгдэл 2,4 тэрбум төгрөгөөр чанартай компани сонгон шалгаруулж, ажлыг шуурхайлах зэрэг хэд хэдэн асуудлыг дэвшүүллээ. Нэгдсэн дүгнэлт, шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.