ӨЛЗИЙТ ТОСГОНЫ ШИНЭЭР БАРИГДСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАРИЛГЫГ ХҮЛЭЭН АВЛАА

2021.08.11
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр буюу намрын эхэн сарын шинийн 03-ны билигт сайн өдөр Өлзийт тосгоны 10 ортой Эрүүл мэндийн төвийг хүлээн авах, тууз хайчлах ёслол боллоо. Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахи...

Өнөөдөр буюу намрын эхэн сарын шинийн 03-ны билигт сайн өдөр Өлзийт тосгоны 10 ортой Эрүүл мэндийн төвийг хүлээн авах, тууз хайчлах ёслол боллоо.

Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнийн зөвлөх н.Тэмүүжин, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх н.Шижир-Эрдэнэ, тус тосгоны ЕБС-ийн 1999 оны төгсөгч, Багануур ХК-ийн тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал нарын зочид төлөөлөгчид, тосгоны захирагч, ЭМТ-ийн эмч, ажилчид оролцлоо.

10 ортой тус эмнэлгийг улсын төсвийн нэг тэрбум 55 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Их хүрдэн” ХХК гүйцэтгэсэн бөгөөд стандартад нийцсэн эмнэлэгтэй болж буйдаа Өлзийтчүүд баяртай байна. Цаашид хуучин ЭМТ-ийн зориулалтаар ашиглаж байсан барилгыг засварлах , Төрийн банкны тооцооны төв нээгдэхтэй холбогдуулан орон нутгийн төсвөөр байрыг засварлах, сумын халаалтын тогоог шинэчлэх, спорт заалны барилга гэх мэтчилээ хэд хэдэн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж буйг аймгийн Засаг дарга онцлов.

Тэрбээр эмнэлгийн ажилчидтай хийсэн уулзалт, тэдний хүсэлтийг харгалзан шаардлагатай тоног төхөөрөмжийг шат дараатай шийдвэрлэснийг уламжлаад шинэ эмнэлэгт хяналтын дэлгэц гардуулсан бол УИХ-ын гишүүдийн зүгээс 26 нэр төрлийн 15 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж гардуулж, эмнэлгээс хүссэн УАЗ-Пургон автомашиныг ЭМЯ-ны зүгээс шийдвэрлэснийг мэдээллээ.