ХЭНТИЙ АЙМГИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

2021.08.10
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Чингис хотын Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг хүлээлгэн өглөө. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэм...

Хэнтий аймгийн Чингис хотын Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг хүлээлгэн өглөө. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд есөн аймгийн Цэвэрлэх байгууламжийг ажил хийгдэж байгаа юм.

Энэхүү төслийн үр дүнд Хэнтий аймгийн төвд хоногт 3000 м.куб хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах нөхцөл бүрдлээ.

Аймгуудад анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Түүнчлэн эдгээр цэвэрлэх байгууламжуудыг барьж ашиглалтанд хүлээлгэн өгч буй нь цаашид цэвэрлэх байгууламж барих жишиг болж буйг албаны эх сурвалж онцоллоо.

Шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох “Хэнтий-Ус” ХХК 20-25 ажилтныг онолын болон танилцуулах сургалтад хамруулаад байна. Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил нэг жилийн хугацаанд хийгдэх аж.

Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил гүйцэтгэгч “Комфорт Импэкс” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулан, ажлаа төлөвлөсөн хугацаандаа чанартай сайн гүйцэтгэж, өнөөдөр ийнхүү хүлээлгэн өгч байна.