Ц.ИДЭРБАТ: СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ДҮРЭМТ ХУВЦАС, БИЕИЙН ТАМИРЫН ХУВЦСААР ЖИГДРҮҮЛЭХ ГЭЛГҮЙ, ХИЧЭЭЛИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ ЯВУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛААРАЙ ГЭВ

2021.08.10
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат төгсөгчдийн ЭЕШ, СӨБ, ЕБС-ийн бэлтгэлтэй холбоотойгоор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан, БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг нартай уулзалт хийлээ. Уулзалтаар, аймгийн...

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат төгсөгчдийн ЭЕШ, СӨБ, ЕБС-ийн бэлтгэлтэй холбоотойгоор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан, БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг нартай уулзалт хийлээ.

Уулзалтаар, аймгийн 22 сургуульд 30 гаруй багшийн орон тоо бий. Үүнд сонгон шалгаруулалт зарлах, “Зөгийн үүр” арга хэмжээний хүрээнд нөхөгдөөгүй үлдсэн мэргэжилд оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлах, Ковидын эмнэлгийн зориулалтаар ашигласан дотуур байруудыг өнөөдөрт нь суллах, хоёр удаагийн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах чиглэл өглөө.

Үүнчлэн цэцэрлэг болон ЕБС-иудын 2021-2022 оны ерөнхий төлөвлөгөөний гүйцэтгэл, бэлэн байдлыг сайтар хангахыг хүслээ.Энэ жил ЭЕШ-ыг энэ хаврын төгсөлтийн 758, өмнөх жилийн 174, нийтдээ 932 төгсөгч өгөх бол 1840 хүүхэд шинээр сургуульд элсэн орох юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд товлогджээ.

“Ковид-19” коронавирусын халдвар аваад эдгэсэн эмчийн бичигтэй хүүхдүүд шалгалт өгч болох бөгөөд 08-р сарын 09-ний өдрөөс хойш өвдсөн хүүхдүүдийг 9-р сарын эхээр нөхөж авах чиглэл ирсэн. Улсын онцгой комисс шийдвэр гаргаснаар ЭЕШ нөхөж авна гэж БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг мэдээллээ.Шинээр сургуульд элсэн орж буй хүүхдүүдийг наймдугаар сарын 4-8-ны өдрүүдэд хамран сургах тойргийн санд бүртгэсэн. Наймдугаар сарын 11-16-ны өдрүүдэд Эрх бүхий байгууллагын баталсан хамран сургах тойрог болон квотын дагуу сургуулиудад урьдчилсан хуваарилалт хийх бол энэ сарын 16-25-ны өдрүүдэд www.parent.edu.mn хаягаар шинээр элсэн орж буй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид урьдчилсан хуваарилалтыг баталгаажуулах юм байна.

Ингэснээр 26-30-ны өдөр анги, бүлэгт хуваарилна.Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат энэ хичээлийн жил хүүхдүүдийг дүрэмт хувцас /форм/, биеийн тамирын хувцсаар заавал ижилсүүлэх гэлгүй, хичээлийг тасалдуулахгүй явуулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.

Үүнчлэн цахим багш хөгжлийн төвүүдийг /кабинет/ 7 цэцэрлэг, 25 сургуульд байгуулж буйтай холбогдуулан шинэ хичээлийн жилд ухаалаг самбар ашиглах, дутагдалтай байгаа багш нарыг нөхөх ажлыг яаравчлах зэрэг хэд хэдэн чиглэл өглөө.