БАНКНЫ БАЙРНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН 174 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИ ШАЛГАРЧЭЭ

2021.08.06
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэрлэн сумын Нэгдүгээр багийн “Банкны байрны дахин төлөвлөлт”-ийн 174 айлын орон сууц барих ажлын сонгон шалгаруулалтад “Баяннэгүл” ХХК шалгарсан байна. Өнөөдөр тус компанийн захирал С.Бямбадоржийг Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат ...

Хэрлэн сумын Нэгдүгээр багийн “Банкны байрны дахин төлөвлөлт”-ийн 174 айлын орон сууц барих ажлын сонгон шалгаруулалтад “Баяннэгүл” ХХК шалгарсан байна. Өнөөдөр тус компанийн захирал С.Бямбадоржийг Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон Засаг даргын орлогч Ц.Чогсомжав нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хамтарсан ажлын хэсэг байгуулах, дахин төлөвлөлтийн нэг га газарт суурьших 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлэх асуудлаар зөвшилцлөө.

Тухайлбал, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнээр ахлуулсан Хэрлэн сум, гүйцэтгэгч компани, аймгийн ГХБХБГ, оршин суугчдын төлөөллийг хамруулсан ажлын хэсэг байгуулж даруй уулзалт зохион байгуулах, улмаар дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхийг газраа чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр боллоо.

Өөрөөр хэлбэл төр, гүйцэтгэгч компани, оршин суугчид гэсэн талуудын уулзалт удахгүй товлогдоно. Хэнтий аймгийн зүгээс газар нь дахин төлөвлөлтөд хамрагдсан /банкны байрны/ 20 гаруй айл газраа чөлөөлж өгснөөр шинээр баригдсан орон сууцанд үнэ төлбөргүй орох гэрээг байгуулах нөхцөлийг гүйцэтгэгч талд дэвшүүлсэн.

Үүнчлэн инженерийн шугам сүлжээ тавигдсан газраа үнэгүй өгч байгаа учраас хямд үнэтэй, чанартай орон сууц барих шаардлагыг тавьж байгаа юм.

Тус газарт өнгөрсөн жил улсын төсвийн 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдах 6 блок орон сууцны инженерийн шугам сүлжээг “Хэнтий-Ус” ХХК бүрэн гүйцэтгэсэн.

Түүнчлэн шинээр баригдсан орон сууцанд орох иргэдийг ипотекийн зээлд хамрагдах нөхцөлийг тухайн үед аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Чингис хотын захирагч байхдаа шийдвэрлэсэн.“Баяннэгүл” ХХК нь Улаанбаатар хотод 1080 айлын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгыг гүйцэтгэж байгаа чадамжтай компани гэж удирдлагынх нь зүгээс мэдээллээ.