АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2021.08.05
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр үдээс хойш аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил, 2020, 2021 оны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт, аймгийн ИТХ-ын 6-р хуралдаанаар хэлэлцэх төсвийн т...

Өнөөдөр үдээс хойш аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурал боллоо.

Хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил, 2020, 2021 оны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт, аймгийн ИТХ-ын 6-р хуралдаанаар хэлэлцэх төсвийн тодотголын бэлтгэл ажил, ЕБС, СӨБ-ын байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангах гэсэн үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцлээ.Наймдугаар сарын 2,3-ны өдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар аймгийн 17 сум, 4 тосгон, Бэрх хотод дөрвөн ажлын хэсэгт хуваагдан ажилласан.

Тухайн үед ажилласан тайлан дүнгээ нэгтгэж, хурлын үеэр зарим шийдвэрийг гаргалаа.Хурлаар хэлэлцэгдсэн асуудлуудыг тоймолбол, Жил бүр 10 дугаар сарын нэгэнд айл өрх, албан байгууллагууд нэгдсэн дулаанаар хангадаг. Харин энэ жил есдүгээр сарын 15-ны өдрөөс дулаанаар хангах болсонтой холбогдуулан 15 хоногийн санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох. Аймгийн төв Чингис хот, сумдын дулаанаар хангагч байгууллагуудыг 9-р сарын 15-ны өдөр бэлтгэл бэлэн байдлыг хангуулах чиг үүрэг өгөх, дулаан хангагч байгууллагуудын цахилгаан үүсгүүрийн нөөц /генератор/-ийг бэлэн байлгах, хадлан бэлтгэх санал ирүүлсэн Галшар, Баянмөнх, Дархан суманд Норовлин сумаас хадлан бэлтгэх газар олгох зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 оноос он дамжин хэрэгжиж буй, 2021 оны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт 180 шахам шинэ бүтээн байгуулалт, их засварын ажлуудтай аймгийн удирдлагууд, орон нутгаас захиалагчийн хяналт тавьж байгаа ГХБХБГ-ын инженер, мэргэжилтнүүдтэй газар дээр нь хяналт тавьж, шаардлагатай үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.

Мөн тулгамдсан, удаашралтай 10 гаруй ажилд аймгийн Засаг дарга тусгай ажлын хэсэг гарган хүрэлцэн очиж ажиллах, Мэргэжлийн хяналтын газрыг хяналтаар оруулах зэрэг шаардлагатай арга хэмжээг ирэх долоо хоногт авахаар боллоо.

Үүнчлэн Хэрлэн сум, Чингис хотод улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга угсралт, их засварын ажлуудыг явцад ирэх долоо хоногт хяналт тавин ажиллах аж.Боловсролын сайдын шийдвэртэй уялдуулан бүх шатны боловсролын байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулах үүрэг даалгаврыг төлөвлөн албан бичиг хүргүүлж байна.