БОР-ӨНДӨР СУМАНД “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ-ЫН 80 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ХУВЬЧЛАХ АСУУДЛААР ОРШИН СУУГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2021.08.02
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Бор-Өндөр суманд ажиллаж байна. “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор-Өндөр УБҮ-ийн өмчит 125 орон сууцаас 80 орон сууцыг хувьчлах асуудлаар тус үйлдвэр, сумын ЗДТГ, оршин суугчдаас аймгийн Засаг дарга болон Төрий...

Аймгийн Засаг дарга Бор-Өндөр суманд ажиллаж байна. “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор-Өндөр УБҮ-ийн өмчит 125 орон сууцаас 80 орон сууцыг хувьчлах асуудлаар тус үйлдвэр, сумын ЗДТГ, оршин суугчдаас аймгийн Засаг дарга болон Төрийн өмчийн бодлого зохицуулах газарт өргөдөл, албан бичгийн хамт хүргэсэн. Ингэхдээ одоо оршин сууж байгаа оршин суугчдад нь хувьчлах асуудлыг дэвшүүлжээ.

Тиймээс аймаг, сумын удирдлагууд оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа. “Монголросцветмет” ТӨҮГ-ын зүгээс 80 айлын орон сууцаа сонгож хувьчлах санаачилгыг гаргасан байна. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат тухайн асуудлыг өнгөрсөн долоо хоногт МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж нааштай хариу сонссоноо дуулгаад өмч хувьчлалтай холбоотой шаардагдах бичиг баримтыг цэгцэлж асуудалд шуурхай хандах ёстойг чухалчлав.

Үүнчлэн тэрбээр тухайн асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд Бор-Өндөр сумын нутгийн зөвлөлийн дарга Н.Энхбаатар оролцоотой ажиллаж буйг хэлж, асуудал МУ-ын Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэгдэнэ гэв. “Монголросцветмет” ТӨҮГ-ын удирдлагууд, оршин суугчид, төр гэсэн гурван талын уулзалтыг зохион байгуулж, санал, холбогдох баримт бичгээ 8 дугаар сарын 10-ны дотор нэгтгэхээр боллоо.

Бор-Өндөр суманд дөрөв дэх удаагийн орон сууц хувьчлалыг хийх гэж байгаа бөгөөд өмнө 944 айлын орон сууцыг /байр/ хувьчилж байжээ. Оршин суугчдын зүгээс 80 айлын цаана 200 гаруй хүний амьдрал бий. Орон сууцаа өмчлөх болсонд талархаж буйгаа илэрхийллээ.