БАТНОРОВ СУМЫН БАЯНБУЛАГ МАЛЧИН ОРОСЫН ТӨМӨРБААТАРЫНХ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ИЙН ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2021.07.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн амжилтаа үнэлүүлж, улсын аварга болсон сайчууд энэ цагт Засаг төрөөсөө шагналаа авч байгаа билээ. Тэгвэл Батноровын Оросын Төмөрбаатар буюу олонд “Дөнөө” нэрээрээ танигдсан сайн малчин ма...

“Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн амжилтаа үнэлүүлж, улсын аварга болсон сайчууд энэ цагт Засаг төрөөсөө шагналаа авч байгаа билээ. Тэгвэл Батноровын Оросын Төмөрбаатар буюу олонд “Дөнөө” нэрээрээ танигдсан сайн малчин маань гэргийнхээ хамт “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарлаа.

Эдний хотонд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Н.Энхбаатар, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Сумын удирдлагууд хүрэлцэн очиж МУ-ын Засгийн газрын шагнал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Аймаг, орон нутгийн удирдлагуудын гарын бэлгийг гардуулж, Улсын филармонийн гоцлол дуучин, Хэнтий нутгийн уран бүтэлч Д.Наранхүү ая дуугаа өргөж, шинэхэн аваргын цолыг мялаалаа.

Тэрбээр хорин настай хонгор зүстэйгээсээ хойш 30 шахам жил мал маллаж, хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж байгаа нь энэ ээ. Үхэрчин Дөнөө үхэр адуунаасаа хурдан өсдөг гэх. Өсгөх аргыг нь мэднэ гэж зочид төлөөлөгчдөд арга туршлагаасаа хуваалцаж, одоогоос гурван жилийн өмнө 2018 онд МҮОНРТ-ийн нэрэмжит “Алтан тугал” эзэн болдог жил нь хотонд гурван ихэр тугал гарч ихэд бэлэгшээсэн, тэр цагаас малын буян нь улам ч нэмэгдэж байгаа талаар хүүрнэсэн юм.

Залуу малчдыг малжуулах, тугал, малчдад малаа түрээслүүлж тугал төлөөр нь малжуулах зэрэг малчин хүний сэтгэл, шинэ цагийн малчны овсгоо самбаа, цараа төрх түүнээс харагдаж байгаа олондоо хүндлэгдэхийн учир шалтгаан болсон буй заа.

Тэрбээр 2020 онд 1685 тоо толгой мал тоолуулж, , сүүлийн гурван жил 100 эхээс 100-135 хувиар төлөө бойжуулж, 14 өрхийг 2747 малаар малжуулж, 6888 малаа 1,2 сая төгрөгөөр даатгуулж, үржилд 201 толгой мал худалдсан байна.О.Төмөрбаатарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2011 онд “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан" цол тэмдэг, 2015 онд "Аймгийн сайн малчин", 2014 онд “Алтан гадас” одонгоор шагнаж урамшуулжээ.