E-MONGOLIA ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТ СУРТАЛЧЛАХ ЦЭГТЭЙ БОЛЛОО

2021.06.16
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
МУ-ын Засгийн газраас цахим засаглалыг хэрэгжүүлэх үндэсний хэмжээний цогц бодлогын баримт бичиг болох E-MONGOLIA хөтөлбөрийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах, иргэдийн гарт нэг цонхоор хүргэх зорилготой в...

МУ-ын Засгийн газраас цахим засаглалыг хэрэгжүүлэх үндэсний хэмжээний цогц бодлогын баримт бичиг болох E-MONGOLIA хөтөлбөрийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах, иргэдийн гарт нэг цонхоор хүргэх зорилготой вэб портал болон гар утасны аппликэйшн хөгжүүлж байна. Энэ хүрээнд Хэнтий аймаг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн угтах үйлчилгээний хэсэгт E-MONGOLIA цахим үйлчилгээг сурталчлах цэгийг байгууллаа. Ингэснээр ард иргэд, гар утсандаа аппликэйшн суулгах, төрийн үйлчилгээг цахимаар, ухаалаг утаснаасаа авах мэдээллийг газар дээрээс нь авах боломж бүрдлээ.

Энэ чиглэлээр Хэнтий аймаг өмнө нь цахим орчинд төрийн үйлчилгээ авах, гар утсандаа аппликэйшн суулгах сургалтыг явуулсан. Цаашлаад бүх сумандаа явуулын болон төрийн үйлчилгээний төвүүдэд E-MONGOLIA үйлчилгээг сурталчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, сумын Аравтын бүлгүүдээр дамжуулан иргэд, малчдад сургах ажлыг зохион байгуулах, Хэрлэн суманд явуулын цэг ажиллуулж баг бүрт хүрч сурталчлах ажлыг зохион байгуулна гэж Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээллээ.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Н.Алтанчимэг: E-MONGOLIA үйлчилгээг сурталчлах цэгээс 2021 оны зургадугаар сард 30 гаруй хүн үйлчилгээ аваад байна. Ард иргэдийг идэвхтэй үйлчлүүлж, төрийн үйлчилгээг цаг заваа хэмнэж цахимаар авч хэвшихийг уриаллаа.

“Төрийн үйлчилгээний операторын болон нэгдсэн портал” www.e-mongolia.mn системийг бий болгосноор одоогийн байдлаар иргэн давхардсан тоогоор 896 төрлийн үйлчилгээг авах боломжтой болоод байна. Цаашдаа иргэдэд үзүүлдэг 11 мянга 250 орчим үйлчилгээг нэг системд төвлөрүүлснээр цаг хугацаа, мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ хүнээс хамааралгүй болж шат дамжлага, чирэгдэл, хүнд суртал, авилга эрс буурна. Улмаар төрийн байгууллагуудын цахимжих үйл явцад томоохон ахиц, дэвшил гарна гэж үзэж байна.