ХЭНТИЙ АЙМАГ 06 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН 18:00 ЦАГААС ЭХЛЭН ХОТ, АЙМАГ, СУМ ХООРОНДОХ ХӨДӨЛГӨӨНИЙГ 10 ХОНОГ ХЯЗГААРЛАЛАА

2021.06.15
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Шуурхай штаб, үргэлжлүүлээд Онцгой комисс хуралдаж аймгийн Засаг даргын А/282 дугаар захирамжаар дараах шийдвэрийг гаргалаа. 1. Коронавируст халдварт (ковид-19)-ын батлагдсан тохиолдлын тархалтад хийсэн эрсд...

Өнөөдөр аймгийн Шуурхай штаб, үргэлжлүүлээд Онцгой комисс хуралдаж аймгийн Засаг даргын А/282 дугаар захирамжаар дараах шийдвэрийг гаргалаа.

1. Коронавируст халдварт (ковид-19)-ын батлагдсан тохиолдлын тархалтад хийсэн эрсдэлийн үнэлгээний дүгнэлтэд үндэслэн Улаанбаатар хот, аймаг, сум, багийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, хүнс, бараа, түлш шатахууны тээвэр, дэд бүтцийн чиглэлээр хийгдэх хөдөлгөөн, албан томилолт, буяны үйл ажиллагаа)-аас бусад орох, гарах хөдөлгөөнийг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагаас 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж, холбогдох дүрэм, журмыг хангуулж ажиллахыг Онцгой байдлын газар (хурандаа Ж.Эрдэнэбат), Цагдаагийн газар (хурандаа Б.Батсайхан), Мэргэжлийн хяналтын газар (Б.Сүнгээ), сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

2. Голомтот бүс нутгаас аймаг сумд руу зорчих иргэдээс шалган нэвтрүүлэх цэг дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ (Монгол Улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны А/12 дугаар тушаалаар баталсан журмын дагуу) авч оруулахыг Эрүүл мэндийн газар (Л.Мэндбаяр)-т даалгалаа.

3. Төрийн байгууллага 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл богиносгосон цагаар (09:00-12:00, 14:00-16:00) ажиллуулахыг төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгав.

4. Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, коронавируст халдвар (ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл, бодит байдлыг бүх шатны боловсролын байгууллагын цахим сүлжээг ашиглан сурталчилан ажиллахыг Боловсрол, соёл урлагын газар (С.Мөнхцэцэг)-т даалгалаа.

5. Эрсдэлт бүлгийн хүн амын хяналтыг сайжруулж, судалгааг гарган байнгын хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн газар (Л.Мэндбаяр), сумдын Засаг дарга нарт тус тус даалгалаа.

6. Аймгийн хэмжээнд жуулчны бааз, аялал зугаалга, олон нийтийг хамарсан найр, цайллага, овоо тахилга шашны зан үйлийн үйл ажиллагаа зохион байгуулахыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлалаа.

7. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (Ц.Чогсомжав), Шуурхай штабын дарга (хурандаа Ж.Эрдэнэбат) нарт тус тус даалгалаа.