АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 17-Р ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРҮҮД ГАРЛАА

2021.05.22
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр өглөө аймгийн Шуурхай штаб, улмаар онцгой Комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. 1. Коронавируст халдварт (ковид-19)-ын батлагдсан тохиолдлын тархалтад хийсэн эрсдэлийн үнэлгээний дүгнэлтэд үндэслэн улбар шар ...

Өнөөдөр өглөө аймгийн Шуурхай штаб, улмаар онцгой Комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. Коронавируст халдварт (ковид-19)-ын батлагдсан тохиолдлын тархалтад хийсэн эрсдэлийн үнэлгээний дүгнэлтэд үндэслэн улбар шар түвшнээс шар түвшинд шилжүүллээ.

2. Улаанбаатар хот болон аймаг, сум хооронд зорчих хөдөлгөөнийг 2021 оны 05 дугаар сарын 22-ны 08:00 цагаас нээж, холбогдох дүрэм, журам (хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам)-ыг хангуулж хяналтын цэгээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахыг Авто тээврийн төв (Б.Ганбат), Онцгой байдлын газар (хурандаа Ж.Эрдэнэбат), Цагдаагийн газар (хурандаа Б.Батсайхан), Мэргэжлийн хяналтын газар (Б.Сүнгээ) нарт тус тус үүрэг болгов.

3. Төрийн байгууллагыг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс ердийн цагийн хуваарьт шилжүүлж, нийт ажилтан алба хаагчдын халдвар хамгааллын дэглэмийг хангуулж ажиллуулахыг төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгалаа.

4. Сургалтын төв, сүм хийд, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, спорт клуб, спорт зааланд нэг ээлжинд 20-оос илүүгүй хүнтэйгээр, 06:00-19:00 цагийн хооронд ажиллуулж бусад аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг ердийн цагийн хуваариар 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар боллоо.

5. Хурал цуглааныг 20-оос илүү хүнтэй зохион байгуулах бол сумдын онцгой комисст мэдэгдэж холбогдох журмын хэрэгжилтийг хангаж зохион байгуулахыг зөвшөөрлөө.

6. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2. 08:00-22:00 цагийн хооронд 18 хувиас бага спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрлөө.

7. Дээрх аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг явуулж эхэлсэнтэй холбоотойгоор бүртгэлийн цахим системийн QR кодыг байршуулах, дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тунд туйлын эсрэг заалттайгаас бусад ажилтан, ажиллагсад, иргэдийг бүрэн хамруулах, Улсын онцгой комиссын даргын 41 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аж ахуй нэгж байгууллагын дарга эрхлэгч нарт даалгаж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн газар (Л.Мэндбаяр), Цагдаагийн газар (хурандаа Б.Батсайхан), Мэргэжлийн хяналтын газар (Б.Сүнгээ), сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

8. Уралдаан тэмцээн, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, баар, караоке, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хязгаарлав.

9. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (Ц.Чогсомжав), Шуурхай штабын дарга (хурандаа Ж.Эрдэнэбат) нарт тус тус даалгалаа.