МӨРӨН СУМ, ӨЛЗИЙТ ТОСГОНД БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН ОЙРЫН БОЛОН ДАМ ХАВЬТЛУУДААС АВСАН ДАВТАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ БҮГД СӨРӨГ ГАРЛАА

2021.05.19
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Энэ сарын 13-ны өдөр Мөрөн сум, Өлзийт тосгонд 3 хүн /Ковид-19/ цар тахлын халдвар авсантай холбогдуулан харьяа шуурхай штабууд болон Аймгаас томилогдсон мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж халдварыг хумих ажил үргэлж...

Энэ сарын 13-ны өдөр Мөрөн сум, Өлзийт тосгонд 3 хүн /Ковид-19/ цар тахлын халдвар авсантай холбогдуулан харьяа шуурхай штабууд болон Аймгаас томилогдсон мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж халдварыг хумих ажил үргэлжилсэн. Тэгвэл өчигдөр Мөрөн сум, Өлзийт тосгонд батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал болсон 36, Хэрлэн сумын хуваарьт 6, нийт 42 хүний PCR буюу Полимеразийн гинжин урвал /ПГУ/-ын шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид хийхэд шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Мөрөн сум, Өлзийт тосгоны хуваарьт 36 шинжилгээ нь хоёр дахь удаагийн давтан шинжилгээ буюу 6 дахь хоногийн шинжилгээ байсан.

Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт Мөрөн сумын 3, Өлзийт тосгоны 1, Хэрлэн сумын 2, нийт 6 өвчтөн эмчлүүлж байгаа бөгөөд маргааш хоёр өвчтөн, энэ сарын 22-ны өдөр үлдсэн дөрвөн өвчтөн гэрийн тусгаарлалтад шилжинэ, өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Зооноз өвчин судлалын төвөөс өчигдөр хоёр ААН, 12 тандалт шинжилгээ, 9 тээврийн хэрэгслийн нийт 448 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. Аймгийн Шуурхай штаб 48 хүсэлт, өргөдөл хүлээн авч 41 хүсэлтийг шийдвэрлэжээ.

Өнөөдрийн хурлаар Шуурхай штабын ажлыг хөнгөвчлөх RC-21 программыг зохиосон инженерүүдийг штабт ээлжлэн ажиллуулж программыг нэвтрүүлэхэд анхаарах, зах, худалдааны төвүүд, олон нийтийн үйлчилгээний газруудад мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн хяналт шалгалтын ажлын хэсэг шалгалт хийх зэрэг асуудлууд хэлэлцэгдлээ.