ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ АНХДУГААР ХУРЛАА ХИЙЛЭЭ

2021.05.13
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл 2021 оны анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийлээ. Зөвлөлийн хурлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газраас хүүхдийн...

Хэнтий аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл 2021 оны анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийлээ. Зөвлөлийн хурлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газраас хүүхдийн талаарх салбарын мэдээллийг танилцуулж, зөвлөлийн 2021 үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Хуралд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Идэрбат, ГБХЗХГ-ын дарга, зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Энх-Эрдэнэ, байгууллагын дарга нар, Хүний эрхийн үндэсний комисс, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ, төрийн бус байгууллага, сурагчдын төлөөллөөс бүрдсэн 20 шахам хүн оролцлоо.

Хэнтий аймагт 2020 оны статистикаар 28882 хүүхэд бүртгэгджээ. Энэ нийт хүн амын 36.7 хувийг эзэлж байна. Хагас өнчин 950, бүтэн өнчин 93 хүүхэд, нийт хүүхдүүдийн 21625 нь эцэг эхтэйгээ амьдарч байна. 2018 онд хараа хяналтгүй 4 хүүхэд бүртгэгдсэн бол 2020 онд бүртгэгдээгүйг ГБХЗХГ-аас мэдээллээ. Хурлаар хэлэлцэгдсэн Хүүхдийн төлөө зөвлөлийн төлөвлөгөөний талаар бид эргэн мэдээлнэ.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хурлын төгсгөлд хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах, сумдын хамтарсан багийг чадавхжуулах шаардлага тулгарч буйг онцолж, зөвлөлийн төлөвлөгөөг биечлэн хянаж, үр дүн хүлээж ажиллахаа илэрхийллээ. Мөн зөвлөлийн гишүүдэд хандан Хэнтий аймгийн ирээдүй болсон хүүхдийн төлөө ажил - таны хүсэл сонирхлоос илүүтэй эрхэлж буй ажил албатай чинь холбоотой учраас зайлшгүй хичээж ажиллах ёстойг чухалчиллаа.