ХЭТИЙН ХЭНТИЙ-2024 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ТУСГАГДСАН АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ БАЙГУУЛЛАГА БҮР АРД ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛНА

2021.05.13
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Энэ сарын 12, 13-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон ЗДТГ-ын харьяа хэлтсийн дарга нар аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч 21 агентлагийн удирдлагуудтай уулзалт хийж, “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрийн 20...

Энэ сарын 12, 13-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон ЗДТГ-ын харьяа хэлтсийн дарга нар аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч 21 агентлагийн удирдлагуудтай уулзалт хийж, “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны эхний улирлын хэрэгжилтийг хэлэлцэж дүгнэлээ. Энэ оны хоёрдугаар сард болсон удирдах ажилтны зөвлөгөөнөөр хөтөлбөрийн хэрэгжилтийг улирал бүр тайлагнахаар болсон.

Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын 4 жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн эхний жилийн анхдугаар хэлэлцүүлгийг хийсэн гэсэн үг. “Хэтийн Хэнтий-2024” хөтөлбөрт тусгагдсан энэ онд хэрэгжүүлэх 130 зорилт, 217 арга хэмжээний хэрэгжилтэд аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс дүгнэлт хийж, цаашид эрчимжүүлэх шаардлагатай саналыг уламжлав.

Хэлэлцүүлгийг үндэслэн аймгийн Засаг дарга агентлагийн удирдлагуудад “Ковид-19” цар тахлаас шалтгаалж, цаг алдсан ажил бий. Гэхдээ хуучинсаг, цаасан дээр тайлагнах арга барилаар үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж болохгүйг сануулж, цаашид ард иргэдэд ил тод мэдээлж, тэдний санал хүсэлтийг сонсох зарчмаар явахыг чухалчлав. Тухайлбал, ард иргэд, олон нийтийн санал хүсэлтийг тусган боловсруулсан хөтөлбөрт ажлыг тэдэнд тайлагнаж явах зүйтэй гэж үзлээ.

Ингэснээр Нэгдүгээрт, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд хагас жил, бүтэн жилд нэг удаа “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлаа нийтэд тайлагнахаар боллоо.

Хоёрдугаарт, Үйл ажиллагааны тайланг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд нэг жилд хоёр удаа ард иргэдэд мэдээлэхээр боллоо.

Гуравдугаарт, аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дэргэд гэрээт мэргэжлийн судлаач ажиллуулан хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан ард иргэд, олон нийтээс тандалт, судалгаа авч үнэлэлт хийхээр боллоо.

“Хэтийн Хэнтий 2024” үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс санал авах ажлыг цахимаар, асуумжийн хуудсаар болон бүлгийн ярилцлагын хэлбэрээр зохион байгуулж, 1572 иргэдээс санал авч, давхардсан тоогоор 603 санал гаргаснаас хууль тогтоомжийн хүрээнд 339 саналыг үйл ажиллагааны зорилтуудад тусгасан юм.