ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮНД СУРТАЛГҮЙ, ХӨНГӨН ШУУРХАЙ БОЛГОХ ҮҮДНЭЭС ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ҮНЭЛЭХ ҮНЭЛГЭЭНИЙ ТӨХӨӨРӨМЖИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2021.05.12
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Төрийн албан хаагчаас иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй, хүнд суртал гаргахгүй, хөнгөн шуурхай үйлчилгээг нэвтрүүлэх үүднээс Хэнтий аймаг төрийн 8 байгууллагадаа үнэлгээний төхөөрөмжийг нэвтрүүлээд байна...

Төрийн албан хаагчаас иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй, хүнд суртал гаргахгүй, хөнгөн шуурхай үйлчилгээг нэвтрүүлэх үүднээс Хэнтий аймаг төрийн 8 байгууллагадаа үнэлгээний төхөөрөмжийг нэвтрүүлээд байна.

Өндөр нягтралтай камер, дууны төхөөрөмж бүхий уг төхөөрөмжийг суурилуулснаар төрийн албан хаагч, иргэний хооронд маргаан үүссэн тохиолдолд маргааныг эрх бүхий албан тушаалтан газар дээр нь шийдвэрлэх, иргэн өөрт нь үйлчилж буй төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэх боломжийг олгож байна. Нөгөөтээгүүр төрийн албан хаагчийн ажлын үр дүнг бодитой үнэлж урамшуулах, алдаа дутагдал гаргасан бол хариуцлага тооцох асуудал төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэгжих юм.

Өнөөдөр аймгийн Засаг дарга төхөөрөмж суурилуулсан Татварын хэлтэс, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Нэгдсэн эмнэлэгт очиж танилцлаа. Тэрбээр ард иргэдийг алагчилдаггүй, хүнд сурталгүй, төрийн хөнгөн шуурхай үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд бид төрийн албан хаагчийн үйлчилгээг үнэлэх үнэлгээний төхөөрөмж суурилуулж байна. Ингэснээр төрийн үйлчилгээ чанартай, хөнгөн шуурхай болох боломжтой. Мөн Монгол улсын Засгийн газраас төрийн бүх үйлчилгээг цахимжуулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор E-MONGOLIA төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ үйлчилгээг орон нутагт нэн даруй нэвтрүүлэхийг зорьж байна гэв.

Энэ оны хоёр, гуравдугаар сард аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Хэнтий аймаг дахь Авто тээврийн төв, Архивын тасаг, аймгийн Нэгдсэн эмнэлэг зэрэг иргэдэд төрийн үйлчилгээг шууд хүргэдэг байгууллагуудад аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс сургалт явуулж, Нийт 8 байгууллагын 111 албан хаагчид үнэлгээний төхөөрөмж суурилуулаад байна.

Энэ онд 6 сум, 4 тосгонд төрийн үйлчилгээний төв байгуулагдсанаар аймгийн хэмжээнд төрийн шууд үйлчилгээ хүргэдэг төрийн албан хаагчдад тус төхөөрөмжийг нэвтрүүлнэ гэж эх сурвалж мэдээллээ.